| | USD/MNT 0₮
Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай хамтарсан тушаал гаргаж, “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд энэ хичээлийн жилийн 1 болон 3-р улиралд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 1-р ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулах буюу нийт 73,000 гаруй хүүхдэд зүрх, нүд, шүдний үзлэг хийх юм.
Эрт илрүүлгийг зохион байгуулахдаа хүүхдэд зөвхөн үзлэг хийгээд орхихгүй, эмчилгээ хийн, цаашид хянаж, цогц тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлов. Мөн сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, энэ төрлийн үзлэгийг дараачийн жилүүдэд тогтмол зохион байгуулж, бүх сурагчийг хамруулдаг болох тогтолцоог бий болгохын тулд энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа гэв.
Боловсролын яамны зүгээс үзлэгийн үр дүнг үндэслэн эрүүлжүүлэх, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, урьдчилан сэргийлдэг болох талаар ойлголт, мэдээлэл хүргэх, хүүхдүүдэд эрүүл, зөв дадлыг зааж хэвшүүлэх зэрэгт анхаарч ажиллана. Сургуулиуд үзлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, эрт илрүүлгийг саадгүй зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлнэ.