| | USD/MNT 0₮

Х.НЯМБААТАР: Ус нэвчиж байгаа барилгууд 5-10 жилийн дараа хазайх, нурах аюултай гэж Эрхүүгийн профессор сэрэмжлүүлж байна

Эрхүүгийн их сургуулийн профессор Петров Александр Владимирович гэдэг хүнийг урьж, Улаанбаатар хотын хөрсний усны түвшнийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө авчээ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын хөрсний усны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Цаашид хөрсний ус зайлуулах иж бүрэн систем бүрдүүлэхгүй бол эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Ялангуяа хотын дундуур урсдаг голуудын ойр орчимд байрлах хотхон хорооллуудын суурийн давхар ихээр муудаж байна. Бид энэ чиглэлд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна. Голланд, Япон, Хятадын мэргэжилтнүүд ирж зөвлөж байгаа.

Улаанбаатар хотыг хөрсний болон гадаргын ус зайлуулах шинэ системтэй болгохгүй бол подвал руу нь ус нэвчиж байгаа барилгууд 5-10 жилийн дараа хазайж, нурах, хүний өмч хөрөнгө үнэгүйднэ гэдэг сэрэмжлүүлгийг Эрхүүгийн профессор өгч байна.

Сэлбэ, Дунд голыг эхээс нь буюу зуслангийн бүсээс эхэлж усны түвшнийг буулгахын тулд Туул голтой нийлж байгаа хэсэг хүртэл цэвэрлэх хэрэгтэй.

Энэ жил Сэлбэ, Дунд голд үерлээгүй, Туул гол эргээсээ давж Бага тэнгэрийн ам, Скай ресорт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд сэтэрсэн" гэв.

Профессор Петров Александр Владимирович "Би 1974 оноос эхлэн Монголын барилгын салбарын оюутнуудыг сургаж, барилга байгууламжийг ус нэвтрэхээс хамгаалах чиглэлээр

10 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хот өргөжин тэлснээр сүүлийн 50 жилд голын голдирлыг шахаж эхэлсэн. Үүнээс үүдэн Улаанбаатарын усны түвшин эрс нэмэгдэж байна.

Олон жил хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэж байж голын усны түвшин хэвэндээ хүрнэ. Дунд голын эргээс 50-100 метрийн зайг харвал голын эрэгтэй тулгаж олон барилга барьсан байна. Эдгээр барилгад газар доорх авто зогсоол хийхдээ голын усны түвшнээс 4-5 метрийн доогуур хийсэн байна. Үүний улмаас газар доорх авто зогсоолууд усаар дүүрч, ашиглах боломжгүй болгож байгаа юм. Хэдийгээр усыг шавхаж гаргаж байгаа ч энэ байдал 3-5 жил үргэлжилбэл барилгын суурь доош сууж эхэлнэ. Барилгын нэгдүгээр давхарт чийгшил өндөр болж мөөгөнцөртөн амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Надад урилга өгвөл ажлаас татгалзахгүй" гэж ярилаа.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.