| | USD/MNT 0₮

Э.ГҮНБИЛЭГ: МУ-ын экспортлох коксжих нүүрсний үнэ, хэмжээ буурсаар байвал урт хугацаандаа төсөв алдагдал хүлээж татвар нэмэгдэх эрсдэлтэй

Манай улсын төсвийн орлогод гол нөлөөлөл үзүүлдэг салбар бол уул уурхай юм.Тэр дундаа гол төвлөрүүлдэг ашигт малтмал бол зэс, нүүрс байдаг. Гэтэл эцсийн хэрэглэгчдийн сонирхол буурч, Монголын нүүрсний арилжаа суларч байна гэж Sxcoal агентлаг есдүгээр сарын 4-ний өдөр мэдээллээ. Учир нь БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн салбар удаашралтай хэвээр байгаа учир дотоодын гангийн хэрэглээ буурч, коксжих нүүрсний нөөц нэмэгдсэн нөхцөл байдалтай байна.

Бид ирэх саруудад энэ төрлийн арилжааны төлөв үүнээс шалтгаалж эдийн засгийн ямар эрсдэл үүсэх, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх тухай албаны хүмүүсээс тодруулав. 

Хамгийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам-аас энэ талаар тодруулахад, “Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал экспорт өндөр байгаа. Энэ оны нэгээс долоодугаар сарын хооронд нийт 34 сая тонн нүүрс гаргасан. Ирэх саруудад нүүрсний экспорт бага болох гэж байгаа. БНХАУ-д нүүрсний үнэ буурч байна” гэв. 

Монгол Улс 2023 онд 54 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 34 сая тонн нүүрс гаргажээ. Иймд дунджаар тооцоолбол 2025 он гартал коксжих нүүрсний экспорт өмнөх оныхоос давахгүй гэдэг нь харагдаж байна. 

Тэгвэл энэ тухай Эдийн засагч Э.Гүнбилэг ийн байр сууриа хүргэлээ. Тэрбээр, “Тоо хэмжээ энэ онд нэлээн өндөр байсан. Өнгөрсөн онтой харьцуулбал ханш бага байна. Өөрөөр хэлбэл Эрэлт нь ханшин дээр биш тоо хэмжээн дээр суурилж байгаа гэсэн үг. Ковид гарснаас хойш эрэлт нэлээн ихэссэн. Монгол, ОХУ, Австрали гээд гурван улсаас БНХАУ коксжих нүүрсээ авдаг. Харин Австрали Хятад улстай асуудалтай байв. Монгол ковидоор хил хаачихсан учир коксжих нүүрсээ борлуулж чадаагүй. Иймд ОХУ-аас авчрах боломжтой байсан. Тухайн үед нийлүүлэлтийн талын асуудалтай байсан учир үнэ бол нэлээн өндөр байв. Одоо бол нөхцөл байдал өөрөөр эргэж Монгол хилээ нээж, Австрали улстай харилцаа сайжирч байгаа учир нийлүүлэлтийн асуудал байхгүй. Тоо хэмжээ гаднын улсууд их импортлох тусам үнэ өсөхгүй байгаа. Коксжих нүүрсний үнэ буурсан тоо хэмжээ ихэссэн байдалтай байгаа. Үнэ буурах тусам эрэлт ихсэх нь ойлгомжтой” гэв. Үргэлжлүүлэн бид түүнээс дараах асуултад хариулт авлаа. 

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ИРЭХ ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ЭРГЭЖ НЭМЭГДЭХ ҮҮ?

Ханш эргэж нэмэгдэх эсэх нь мөн л ОУ-ын харилцаатай зайлшгүй хамааралтай. Оросод ирэх барууны хориг чангарвал ОХУ-аас нүүрс авахгүй байх хандлагатай. Тэгээд Авсрали улстай БНХАУ хоорондын харилцаа муудвал эрэлт өсөж, нийлүүлэлт багасах тул ханш өснө гэсэн үг. Гэхдээ 2025 он гартал коксжих нүүрсний үнэ буурсаар байх хандлагатай байна. Мөн Хятад Улс 7,8 сараас эхэлж нүүрс бүрдүүлэлт дээрээ анхаарч ажилладаг. Нөгөө талаас өвөл эхлэхээс өмнө барилгын ажлаа дуусгах сонирхолтой байдаг. Гэсэн ч хамгийн өндөр эрэлттэй үе дээрээ үнэ буурч байна шүү дээ. 

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЭРЭЛТ, ХАНШ ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС БУУРДАГ ВЭ?

2030 он гэхэд БНХАУ-ын засгийн газар дулааны нүүрсээ татгалзаж, хорт хий ялгаруулдаг түлш ашиглахгүй байхыг зорьж байгаа. Харин коксжих нүүрсний эрэлт урт хугацаандаа буурахгүй байх хандлагатай. БНХАУ манай улсаас ихэвчлэн коксжих нүүрс авдаг. Гэхдээ дахин нэг анхаарах зүйл нь БНХАУ-д төрөлтийн түвшин буурч, гэр бүл болох нь багасаж байгаа. Цаашдаа БНХАУ төрөлтийн түвшин бууралтаараа Япон улсыг гүйцэх хандлагатай болно гэсэн тооцоолол бий. Иймд гэр бүл болохгүй тул байрны худалдан авалт дагаад буурна. Байрны худалдан авалт буурах тусам гангын үйлдвэрт худалдан авах коксжих нүүрсний хэмжээ багасна гэсэн үг. 

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ АРИЛЖАА СУЛРАХ ТУСАМ ИРГЭД БОЛОН ӨРХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Өрхийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь валютын ханш дээр яригдана. Хятадын иргэдийн худалдан авалт нэмэгдэхгүй учир валютын ханш тогтвортой байх учир богино хугацаанд бидэнд нөлөөлөхгүй. Харин урт хугацаанд манай улсын ихэнх орлогыг уул уурхайн компаниуд бүрдүүлдэг. Уул уурхайн орлого буураад эхэлбэл улсын төсөв өнөөдөр төлж байгаа өндөр өр өө дарахын тулд ирээдүйд татвараа нэмэгдүүлэх арга хэмжээ авах магадлалтай

Мэргэжилтнүүдийн мэдээллээс анализ хийж үзвэл ирээдүйд экспортын орлогын ихэнх хувийг дулаан болон коксжих нүүрс, уул уурхайн салбараар төсөөлөөд байж болохгүй болжээ.

 


Сэтгүүлч
А.Булганчимэг

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.