| | USD/MNT 0₮
Паралимпын наадмын таеквондогийн төрлөөс алт, мөнгөн медаль хүртсэн У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнэ өнөөдөр Улаанбаатарын цагаар 05:30 цагт эх орондоо ирлээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн удирдлага дор өрсөлдсөн тамирчдын амжилтаар Монголын таеквондогийн баг “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн шилдэг 10 багийн дөрөвт жагсав.
Тэд паралимпын наадмын таеквондогийн Монголын багийн анхдагч амжилтын эзэд болсон билээ.
"ОЛИМПЫН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ ГЭЖ Л ӨДӨР БҮР БЭЛТГЭЛЭЭ ХИЙСЭН"
Олимпын алдан медальт У.Сүрэнжав “Парисын тэнгэрт төрийнхөө далбааг мандуулсандаа маш их баяртай байна. Энэ хүртэл минь тусалж дэмжсэн бүх хүнд маш их баярлалаа. Таеквондогийн холбооны тэргүүнд их баярлалаа.
Анх Монгол Улсын анхны эмэгтэй олимпын медаль хүртсэн тамирчин гэж сонсоод өөрөөрөө их бахархсан. Олимпын алтан медаль хүртэх гэж л өдөр бүр бэлтгэлээ хийсэн. Дэвжээнд гарахаасаа өмнө багштайгаа ярилцаж сэтгэлзүйгээ сайн бэлдэж, маш тайван байсан. Цаашид Лос-Анжелес 2028 оны олимпт оролцох зорилготой байна. Таеквондогийн спортод үнэхээр дуртай болохоор тууштай хичээж энэ амжилтад хүрлээ" гэв.
"ЭНЭ УДААГИЙН ОЛИМПТ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ОРОЛЦЛОО. ЛОС-АНЖЕЛЕС 2028 ОНЫ ОЛИМПТ ҮЛДСЭН 10 ХУВИА ГҮЙЦЭЭХ БОЛНО"
МУГТ Г.Болор-Эрдэнэ "Миний хувьд энэ удаагийн олимпт 90 хувийн гүйцэтгэлтэй оролцлоо. Лос-Анжелес 2028 оны олимпт үлдсэн 10 хувиа гүйцээх болно. Би сэтгэлзүйн багтайгаа маш сайн хамтарч ажилласан. Мөн Монголын таековондогийн холбоо болон монголынхоо нийт ард түмэнд маш их баярлалаа. Эхний тоглолт буюу Доменикогийн тамирчинтай хийсэн тулаанаас хойш их тайван байсан. Алт авах зорилготой байсан ч мөнгөн медаль хүртлээ. Дараагийн олимпт хичээнгүйлэн оролцох болно" гэлээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнасан “Манай хоёр тамирчны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 гаруй тэмцээний 90 хувьд финалын шатанд үлдэж байсан. Ерөнхийдөө алт, мөнгөн медаль хүртсээр байлаа. Тийм ч учраас олимпын наадмаас медаль хүртэх байх гэсэн итгэлтэй оролцсон. Манай улсын таеквондогийн 20 гаруй клубт 20 мянга гаруй хүн хичээллэдэг. Монголчууд энэ спортын онцлогийг бага ч гэсэн ойлгосон болов уу гэж бодож байна.
Тамирчдаа дэвжээнд тулаан хийж байх явцад маш тайван байхыг байнга сануулж ажилласан. Тамирчид маань бэлдсэн тактикаа л хэрэгжүүлсэн” гэлээ.