| | USD/MNT 0₮

Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлуулсан иргэнээс ЦЕГ-ийн Дэд дарга Н.Мөнхзул өөрийн биеэр очиж уучлалт гуйжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 3-ний өдөр айлчилсан. Энэ үеэр Украин ОХУ хоорондын дайныг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн алба хаагчид баривчилсан талаар мэдээлэл хэвлэлээр гарсан. Тэгвэл баривчлагдаж, эрхээ зөрчүүлсэн иргэн Б.Тэгшжаргалаас ЦЕГ-ийн Дэд дарга Н.Мөнхзул өчигдөр /2024.09.04/ өөрийн биеэр очиж уучлалт гуйжээ.

Баривчлагдсан иргэн Б.Тэгшжаргалаас юу болсон талаар тодруулахад “Би айлчлалын үеэр би өөрийн үзэл бодлоо илэрхийлж, духан дээрээ NO WAR гэж бичиж дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, утсаараа шууд дамжуулалт хийсэн. Гэтэл цагдаа нар намайг баривчилж авч яваад СБД-ийн цагдаагийн хэлтэст аваачсан. Надаас гадна дайныг эсэргүүцсэн иргэд тэнд баривчлагдсан байсан. Би тэднээс сүүлд очсон юм билээ. Надаас албан ёсны байцаалт аваагүй. Ямар нэгэн торгууль ноогдуулаагүй. Таван цаг байлгаж байгаад намайг явуулсан.

Харин өчигдөр би талбай дээр “Үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг юм уу?” нэртэй суулт хийсэн. Гэтэл орой 18 цагийн үед над дээр ЦЕГ-ийн Дэд дарга Н.Мөнхзул ирж албан ёсны уучлалт гуйсан” гэлээ.

Энэ тухай ЦЕГ-ийн Дэд дарга Н.Мөнхзул өөрийн цахим хуудаснаа ийн нийтлэв.

Тэрбээр, “09.03-нд зохион байгуулагдсан ОХУ-ын төрийн дээд хэмжээний айлчлалын хамгаалалтын үеэр иргэн Б.Тэгшжаргалын эрхийг зөрчсөн үйлдэлд ЦБ-ын зүгээс албан ёсоор уучлал гуйж байна. Дээрх хамгаалалтыг зохион байгуулсан удирдах албан тушаалтанд хариуцлага тооцохоор ажиллаж байгааг мэдэгдье” гэж бичжээ. 

 

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

 

Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.