| | USD/MNT 0₮
Иргэдийн төлөөлөгчдын хурлын сонгууль дөхөж дарга нар сонгогчидоо үнсэж үнгэдэг цаг ойртлоо. Үүгээр далимдуулж дарга нарынхаа өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэх мөн чухал цаг мөч. Аймаг, дүүргийн Засаг дарга болгон хэлсэн амлалт, хийсэн ажлаа намрын энэ өдрүүдэд эргэн харж, сонгуулиас өмнө амжуулах хэдийгээ гялалзуулах гээд угааж, арчиж, засаж цэвэрлэхээс эхлээд завгүй байцгаана. Харин ДАРХАНЫХАН ДАРГЫНХАА ӨГСӨН АМЛАЛТЫГ ЭРГЭН САНАЖ, ХИЙСЭН, ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ НЬ ДҮГНЭХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛЖЭЭ.
Тэгвэл бид уншигч танд газрын наймаагаар гаршсан Дарханы Засаг дарга Б.Азжаргалын амлалтуудыг дахин нэг сануулъя. Б.Азжаргал 2020 оны арваннэгдүгээр сард ажлаа хүлээж авахдаа “Энэ нэр хүндтэй ажлыг хоёргүй сэтгэлээр хийнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Юуны түрүүнд бид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020 оны Орон нутгийн сонгуульд МАН-аас дэвшүүлсэн “Тогтвортой бодлого-Тогтвортой хөгжил” мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдээс төрийн болон ТББ-уудаас саналыг хүлээж авсны хүрээнд энэ ондоо багтааж аймгийн Засаг даргын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулна. Хоёрдугаарт, 2021 оны аймгийн төсвийг энэ оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн дотор хэлэлцэж, шинэчлэн батлах зэрэг ажилд ханцуй шамлан орно. Та бүхний төлөө, Дархан хотын ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүгтгэе” гэж хөгжил ярьж эхэлсэн. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн залгамж чанарыг хадгалахад анхаарна гэдгийг дахин мэдэгдэж байлаа.
Уг хөтөлбөр нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Засаглалын бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого бүхий зургаан багц асуудлын хүрээнд 20 дэд бүлэг, 62 зорилт, 232 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөнө гэж анх иргэддээ танилцуулж байсан. Үүнд, шинээр хэрэгжүүлэх дэд хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Эрүүл шүд”, “Халамжаас хөдөлмөрт”, “Оюунлаг Дарханчууд”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Орон сууц”, "Утаагүй Дархан", “Атар IY аян”, "Шарилжгүй Дархан", “Цэвэр хот” хөтөлбөр зэрэг дэд хөтөлбөрүүд багтсан бол үргэлжлүүлэн хийх хөтөлбөрт Нийгмийн бодлогын чиглэлээр “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх”, “Эрүүл Дарханчууд”, “Сүрьеэгүй Дарханчууд”, “Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, “Хүний хөгжил”, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр “Мал амьтны эрүүл мэнд”, “Тохилог орчин-эко хороолол”, “Эрчим хүч хэмнэх” зэрэг аймгийн дэд хөтөлбөрүүд багтсан байдаг.
Мөн “Цахим Дархан”, “Нэг иргэн-нэг бүртгэл”, “Эрүүл чийрэг эр хүн”, “Тасралтгүй суралцагч-ЭМЧ”, “Чадварлаг сувилагч”, “Шилэн эмнэлэг-II”, “Цагийн ажил”, “Байшин”, “Гоё цэцэрлэг”, “Гоё сургууль”, “Чадварлаг багш”, “Цахим сургалтын систем”, "Эко жорлон", “Хүлэмж” зэрэг төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх том амлалтууд ард иргэддээ өгч байсан. Гэвч бодит байдал дээр хоосон амлалтаас цаашгүй дараагийн сонгуулийнхаа нүүрийг үзэх гэж байна..