| | USD/MNT 0₮

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ДАРГА АА, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦАА ДУУСЧЭЭ

Өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Онцгой дэглэмийн хүрээнд үйлдвэрийн санхүүтэй холбоотой материалуудыг татаж, шаардлагатай шалгалтуудыг хийж ажиллах талаар тухайн үед мэдэгдэж байсан.

Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан “Эрдэнэт” үйлдвэрт очиж шуурхай ажилласан.  Дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ мэдээлэл өгөхдөө "Эрдэнэт" үйлдвэрт тохиолдсон зүйл нь Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын систем. Ялангуяа ардчилал бэхжиж байгаа улсад ажиглагддаг жижиг луйвар. Энэ бол хууль хэрэгждэг улсад аль эрт шийдэгдсэн байх ёстой асуудал байсан. Аливаа асуудлыг шийдэж байх нь Засгийн газрын үүрэг юм. Тийм учраас Засгийн газар өөрийнхөө эрх үүргийн хүрээнд ажиллана” гэсэн.

Харин дараа нь буюу өнгөрсөн есдүгээр сард зургаан сарын хугацаатай тогтоосон онцгой дэглэмийн хугацааг дахин сунгасан байдаг.

Мөн дараа нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудпыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дахин танилцуулсан.

Тэгвэл энэ сарын 13-ны өдрөөр тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссан байна. Өнөөдрийг хүртэл Засгийн газраас ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй.

Уг нь сар бүр онцгой дэглэмийн талаар олон нийтэд засгаас мэдээлэл өгч байх ёстой. Гэвч үүнийг ЗГХЭГ-ын дарга нь мөрдсөнгүй. Өнгөрсөн сард товчхон мэдээлэл өгөхдөө тэрбээр “Онцгой дэглэмийн хугацаа үргэлжилж байгаа. Удахгүй дуусна. Тэгэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэснээс өөр тодорхой зүйл яриагүй юм.

“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул" ХХК, "Тайтлан Ресорсиз Монголиа" ХХК зэрэг хуулийн этгээдтэй холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

“Стандарт” банктай холбоотой хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх талаар Засгийн газраас чиглэл, удирдамж өгч ажилласны дүнд 2019 оны 04 дүгээр сарын эхээр 40 сая ам долларыг “Стандарт” банкинд төлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гадаад дахь өр төлбөрийн асуудал хаагдсан бол дотооддоо энэ асуудал хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж, шүүхийн шатанд хянагдаж байна.

Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтын актаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд нэлээд хугацаа шаардагдана гэсэн. 

Одоо тэгвэл онцгой дэглэм тогтоогоод жил гаруйн хугацаа өнгөрч. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт хэрхэн ажилласан, санхүүгийн ямар зөрчил илрүүлж, ямар арга хэмжээ авсан талаараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг мэдээлэл хийх ёстой.

Дашрамд дуулгахад, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 оны эхний 7 сард 342.3 мянган тн зэсийн баяжмал, 3.0 мянган тн молибдены баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулж ажилласнаар 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж.

Харин “Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай улсын төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан.

 

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан “Эрдэнэт” үйлдвэрт очиж шуурхай ажилласан. Дарга Л.Оюун-Эрдэнэ тухайн үедээ мэдээлэл өгөхдөө "Эрдэнэт" үйлдвэрт тохиолдсон зүйл нь Зүүн өмнөд Азид түгээмэл ашиглагддаг мөнгө угаалтын систем. Ялангуяа ардчилал бэхжиж байгаа улсад ажиглагддаг жижиг луйвар. Энэ бол хууль хэрэгждэг улсад аль эрт шийдэгдсэн байх ёстой асуудал байсан. Аливаа асуудлыг шийдэж байх нь Засгийн газрын үүрэг юм. Тийм учраас Засгийн газар өөрийнхөө эрх үүргийн хүрээнд ажиллана” гэсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.