| | USD/MNT 0₮

Нүүрсний хулгайд нэр холбогдсон Ш.Адьшаа АҮЭБ-ийн сайд Ц.Тувааны ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДОХЫН ард ашиг сонирхлын зөрчил бий юу?

Засгийн газар сонгуульд өвдөг шороодсон гишүүдээ явуулахгүй, оронд нь өндөр албан тушаалд томилсоор байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан П.Анужин, Б.Жаргалмаа нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдохоор яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Мөн өмнөх парламентын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн саяхан Монголросцветмет төрийн өмчит компанийн захирлаар томилогдсон. Түүнчлэн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь томилогдоод удаагүй байгаа юм. Үүнийг олон нийт “албан тушаалын наймаа хийж байна” гэж цахим сүлжээнд ихээхэн шүүмжилсэн.

Тэгвэл дахин нэг олны дургүйцлийг хүргэсэн томилгоо хийгдэх гэж байна. Тодруулбал, Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож байсан УИХ-ын Гишүүн асан Ш.Адьшаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зөвлөхөөр томилогдох гэнэ.  Гол нь нүүрсний сайдын туслахаар нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүн асан ямар зорилгоор энэ албан тушаалд томилогдох гэж байгаа нь анхаарал татав.

“ТҮҮНИЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХОЛБОГДСОН ТУХАЙ”

УИХ-ын Гишүүн асан Ш.Адьшаа болон түүний эхнэр, туслах гээд хамаарал бүхий этгээдүүд нүүрсээр хөлжин, хөрөнгөжсөн талаар хэд хэдэн хэвлэлүүд мэдээлсэн. Тэдгээрээс онцолбол, “Гаалиас гарсны дараа буюу 2009 онд өөрийнхөө нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-ихт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулжээ. Ингээд Ш.Адьшаа Гаальд байсныхаа хэргийг гаргаж, “Алтанговь транс” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Цагаан хад” суурьшлын бүсэд газар авч “Гаалийн хяналтын бүс” байгуулжээ. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ буюу нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлсэн байгаа юм.

 Өдгөө Ш.Адьшаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр 20 компани, найман ТББ эзэмшдэг.

Дээрх компаниудын нэг болох “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК гээд таван компани давхар бүртгэлтэй. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна. 

Олон овоо өртөөний "Шанд ложистик" ХХК-ийн салбар замаас хэдий хэмжээний нүүрс ачигдсан бэ?

2020 онд буюу өнөөх дуулиантай нүүрсний хулгай ид цэцэглэж байсан он жилүүдэд  тус терминалаас 3326 вагоноор 221 мянга 179 тн нүүрс Хятад руу гарсан бол 2021 онд 3350 вагоноор 236 мянга 785 тн нүүрс гарсан.

Харин 2022 онд 3600 вагоноор 238 мянга 680 тн, 2023 онд 1345 вагоноор 89 мянга 846 тн нүүрс урагшаа гарчээ. Зөвхөн галт тэрэгний нэг цуваа 50 вагоноос 1 тэрбумын ашиг олдог гэвэл 2022 онд 3600 вагоноос тэд 72 тэрбум төгрөгийн ашиг олсон байж таарах нь. Бараг 1000 дахин их ашиг олдог ийм бизнес дэлхийд өөр хаана ч байхгүй.

Энэ их хэмжээний нүүрсний хэдэн тонн нь нүүрсний хулгай нүүрлэсэн  Эрдэнэс Тавантолгойнх байв, ах дүү, анд нөхдөөрөө сүлбэлдсэн Ш.Адьшаагийн хамаарал бүхий этгээдүүд чухам хэдий хэмжээний ашиг өөрсдөдөө унагав гэдэг тоог мөшгөвөл толгойд багтахгүй их тоо гарна” гэж Zogii.mn сайт /2023/11/04/-ний өдөр мэдээлж байв.

ТҮҮНИЙ ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙН ТУХАЙД:

2022 оны байдлаар, Өөрийн орлого - 1 тэрбум 519 сая төгрөг

Гэр бүлийн орлого - 159.1 сая төгрөг

Нийтийн орон сууц-1, үйлчилгээний зориулалттай 1 обьект - 4 тэрбум 29 сая төгрөг

Toyota, Land Cruiser 200-1, Hyundai, Sonata 7-1 автомашин - 232 сая

Хурдан удмын 53 адуу- 969 сая

Үнэт эдлэл - 770 сая

Дотоодын банканд 20.7 сая төгрөгийн хадгаламжтай

Бэлэн мөнгө - 1 тэрбум 896 сая

Зээл - 16.7 сая төгрөг

"Эрдэнэс таван толгой" ХК, "Ти Ти Би Эй" ХХК, "Империалмаксимус корпорейшн" ХХК, "Грэйтблюмаунтайнс" ХХК, "Ачит-Эх мед" ХХК, "Ачит-Арвис" ХХК, "Хүннү МН" ХХК, "Мөнгөн-Алмаз" ХХК, "НЬЮфеникс интернэшнл" ХХК, "Винсолд интернейшнл" ХХК-уудын 30-100 хувийг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ.

Гол нь өдгөө 62 настай, хангалттай хөрөнгөжсөн, нүүрсний хулгайн дуулиант хэрэгт нэр холбогдсон Гишүүн асан Ш.Адьшаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад юу зөвлөх гэж байгаа нь хачирхалтай.

 Түүнчлэн энэ жилийн сонгуулиар намууд шинэ салхийг сэвэлзүүлэхээр залуу гишүүдийг дэвшүүлэхийг зорьсон гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч төрийн өндөр, дээд албан тушаалтны зөвлөх, туслахаар хуучин гишүүдээ томилж байгаагийн ард ашиг сонирхлын зөрчил бий юу? гэдэг асуулт тавигдана.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.