| | USD/MNT 0₮
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам илэрхийлж буй тухайгаа цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “Жил бүрийн есдүгээр сард түгжрэлд зарцуулах цаг хугацаа ихсэж, энэ хэрээр олон нийтийн бухимдал бий болдог. Амралт, аяллын цаг дуусаж, аж ахуйн нэгжүүдийн ажил жигдэрч, сургууль, цэцэрлэгүүд орж, орон нутгаас эцэг, эхчүүд шинэ оюутнаа хүргэж ирж төвхнүүлэх, намрын ажил өрнүүн хөдөлгөөнтэй байдагтай ч холбоотой. Гэвч Улаанбаатар хотын автомашин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Өнөөдөр бүртгэлтэй автомашинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд бид одоо байгаа авто замаа 3 дахин нэмэгдүүлэх шаардлагатай.
Тиймээс ч нийслэлийн түгжрэлийн асуудлыг хүчээр гэхээсээ илүүтэй хотын иргэдтэйгээ хамтарч, үзэл санааны хувьд нягтарч шийдэх арга зам юу байгааг эрэлхийлж байна.
Тухайлбал, машинаа дундаа ашиглах буюу нэг ажил, чиглэлд явдаг хүмүүс машинаа хуваалцаж хэрэглэе. Хүүхэд сургууль, цэцэрлэгээс зөөхөд эцэг, эхчүүд тохиролцоод ойрхон гэртэй хүмүүс нь ээлжилж авдаг явдал амьдрал дээр бий. Одоо үүнийгээ улам бүр ойртуулж хөрш айлаараа, эсвэл хамт олноороо нэг нэгнээ замаасаа суулгаад ээлжлэн явдаг болбол зам дээрх машины тоо тодорхой хэмжээнд буурна. Өнөөдөр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх тээврийн хэрэгсэл нэгээс, хоёр зорчигчтой явж байгааг та бүхэн надаар хэлүүлэлгүй мэднэ.