| | USD/MNT 0₮
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр ноён Элчин сайд “Коронавируст халдвар намжина. Харин эдийн засгийг эрчимжүүлэх ёстой. Тиймээс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бидний зүгээс бэлэн байна. Коронавируст халдвараас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр дэлхийд коронавируст халдварын тархалт дотроосоо тархаагүй гарын таван хуруунд багтах цөөн улсын нэг нь Монгол Улс байгаад баяр хүргэлээ.
Уулзалтад Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ерөнхийлөгч Жян Хунфу оролцсон. Тэрээр тус компанийн газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайдад уламжиллаа. Манай улс газрын тос тээвэрлэх автомашинууд хил нэвтрэн орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн, тээврлэлтийг түр зогсоогоод байсан юм. Дорнод аймгийн онцгой комиссоос Петрочайна Дачин Тамсаг компанид шаардлага хангахуйц ариутгалын пункт барих үүрэг өгөөд байсан. Өнөөдрийн уулзалтаар ариутгал халдваргүйтгэл хийх хоёр пункт барин, ашиглалтад ороход бэлэн болсныг мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйтгэл болон бусад бэлтгэл ажил бүрэн дууссан бол түүхий нүүрсний экспорт эхлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн ажилчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улсын Онцгой комисст нэг өдрийн цалин болох 174 сая төгрөг хандивлалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Монгол-Хятад хоёр улс эдийн засгийн харилцаагаа сэргээхэд хамтран ажиллахад бэлэн