| | USD/MNT 0₮

С.Мишиг:5000 төгрөгийн орлоготой хүн 50 мянгаар торгуулчихаад яаж амьдрах юм бэ

 

 

Зөрчлийн хуулийг эсэргүүцэж Баянгол дүүргийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд Хууль зүйн, Дотоод хэргийн яамыг /ХЗДХЯ/ ажлаа хийхийг шаардаж, өнөөдөр мэдээлэл хийж, төв талбайд жагслаа.

Тэдний ярьж буйгаар Зөрчлийн хуулийн торгууль иргэдийн амьдралд нь хүндээр нөлөөлж, сөхрүүлж туйлдуулж байгаа гэдгийг хэлэв.

 Иймд торгуулийн дээд, доод хязгаарыг тогтоох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, шаардлага хүлээж авахгүй тохиолдолд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Иргэн С.Мишиг “Би ганцаараа энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүн биш. Бид яагаад Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцээд байгаа вэ гэвэл тус хуульд зөвшөөрөлтэй худалдаа эрхэлдэг газар зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлбэл 50 нэгжээр төгрөгөөр торгоно гэж заажээ. Гэтэл энэ 50 мянган төгрөгийг яагаад 10-50 нэгж болгож болохгүй байгаа юм бэ.

Ар гэрээ авч явж, амьдрахын тулд нэг улавч оймс зараад 50 мянган төгрөгөөр торгуулна гэдэг дэндүү харамсалтай. Алхам тутамд биднийг цагдаа нар хянадаг. Тэднийг ажлаа хийж байгааг бид буруутгахгүй. Гэхдээ амьдралд нийцэхгүй хөрсөн дээр буугаагүй энэ хуулийн золиос цагдаа нар болсон шүү.

Тиймээс энэхүү хуулийг баталсан УИХ-ын гишүүдэд хуулийн заалтаа эргэж харж ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг шаардаж байна.

Нүдээ нээж, чихнийхээ бөглөөсийг аваач ээ. Зөрчлийн хууль Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж байна.  Зөрчлийн хуулийн заалтууд асуудалтай гэдгийг ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж мэдэж л байсан. Баячуудад үйлчилдэггүй хуулийг, борчууд мөрдөж, торгуулж байна. Дээрх хууль санаачилсан хүмүүс тэрхүү хуулийн заалтаа эргэж хараасай. Үнэндээ торгуулиар төсөв бүрдүүлдэг төр засгаас залхаж байна. Эцэст нь дахиад хэлэхэд жирийн мөрөөрөө яваа иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа хөрсөн дээрээ буухгүй байгаа Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг эргэж харахыг хүсэж, хотын удирдлага С.Амарсайханд шаардлага хүргүүлж байна.

Энэ шаардлага хуулийн хугацаагүй. Хэрвээ бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол талбай дээр өлсгөлөн зарлана, амь насаа золиослоно” гэв.

Жижиглэнгийн худалдаа эрхлэгч Нямаа “Би барааны зах дээр өмд, оймс улавч зардаг. Зарим өдөр 50 мянган төгрөгийн орлого ч үгүй байхад, торгууль орж ирдэг. Тэгэхээр бид яаж амьдрах юм бэ. Юугаараа үр хүүхдээ тэжээж сургууль соёлд нь сургах юм бэ. 5000 төгрөгийн бараа зарсан ч 50 мянган төгрөгийн бараа зарсан ч 50 нэгжээр торгуулна гэдэг ёстой дарамттай санагддаг. Төр гаргасан Зөрчлийн тухай хуулиа эргэж харж, ард түмнээ бодоосой” гэлээ.

“ЭРХ БАРИГЧИД ЖИГНҮҮР БУУЗ ИДЭЖ БАЙХАД АРД ТҮМЭН АМ БҮЛИЙНХЭЭ ТООГООР НЭГ НЭГ БУУЗ ИДЭЖ БАЙНА”

 

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ: 

 

О.Гал 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.