| | USD/MNT 0₮
“Парис-2024” паралимпын наадам албан ёсоор нээлтээ хийж, өнөөдрөөс тэмцээн уралданууд эхэлж байна.
Баг тамирчдын салхийг хагалж Монголын багийн хамгийн залуу тамирчин, 18 настай Х.Номуун усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдана.
Урьдчилсан шат 15:30 цагаас эхлэх бол финалын уралдаан 23:30 цагаас болно.
Энэ төрөлд 14 тамирчин өрсөлдөх юм.
Х.Номууны хувьд өнгөрсөн жил Английн Манчестер хотноо болсон ДАШТ-д 50, 100 м-ийн чөлөөт сэлэлтэд улсын рекордыг шинэчилсэн. Мөн Ханжоуд болсон Азийн пара наадмын 400 метрийн чөлөөт сэлэлтэд улсын рекорд тогтоосон тамирчин юм.
Залгуулаад эмэгтэй таеквондогийн 52 кг-д ОУХМ У.Сүрэнжав өрсөлдөнө.
Түүний жинд 12 тамирчин байгаа бөгөөд манай хүн эхний даваанд гоц мөргөсөн юм. Улмаар шөвгийн 8-д Египет, Кенийн тамирчдын ялсантай нь хүч үзэх сугалаа татжээ. Тэмцээний урьдчилсан шатны тулаанууд 16:00 цагт эхлэх бөгөөд 23:00 цагаас медалийн төлөөх тулаанууд явагдана.
У.Сүрэнжавын хувьд ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгөн медальтай, манай улсын шилдэг пара тамирчдын нэг билээ.
Мөн өнөөдөр эмэгтэй байт харвааны ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох харваа 23:00 цагт эхэлнэ. Энэ төрөлд өрсөлдөх 23 тамирчны дунд Монголын харваач Д.Сэлэнгэ, Б.Оюун-Эрдэнэ нар бий.
Б.Оюун-Эрдэнийн хувьд “Лондон-2012”, “Рио-2016” паралимпын наадамд оролцож байсан бөгөөд өнгөрсөн жил Азийн АШТ-д түрүүлж, “Парис-2024” паралимпын эрхээ авсан юм.
Д.Сэлэнгийн хувьд “Токио-2020” паралимпод оролцож байсан туршлагатай. 2022 онд Дубайд болсон ДАШТ-ээс багийн төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.
Эх орноо төлөөлөн өрсөлдөх тамирчдадаа амжилт хүсье!