| | USD/MNT 0₮

Дуучин Б.Амархүүг өнөөдрөөс дахин хорино

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны аравдугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, батлан даалтад гаргасан.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иймд батлан даалтад гарсан дуучин Б.Амархүүг шийдвэр гарсан өдрөөс буюу өнөөдрөөс дахин хорих юм байна.

Дуучин Б.Амархүүг өнөөдрөөс дахин хорино
Нийгэм

Сэтгэгдэл (25)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.