| | USD/MNT 0₮

АҮЭБ-ын сайд Ц.Туваан шатахууны хомсдол ҮҮСЭХГҮЙ гэсэн хэдий ч зарим колонкод АИ-92 БЕНЗИН ДУУСААД НЭГ САР ӨНГӨРЧЭЭ

Ирэх есдүгээр сараас эхэлж ОХУ манай улсад шатахуун импортлохгүй гэсэн мэдээлэл энэ сарын эхээр цахим орчинд түгсэн юм. Энэ талаар УИХ-ын Гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан наймдугаар сарын 15-ний өдөр “Энэ шатахууны хомсдол үүснэ гэх мэдээлэл манай улсад хамаарахгүй. Манай улс ОХУ-тай Засгийн газрын хэлэлцээртэй. Мөн хэлэлцээрээ тун удахгүй шинэчилж байгуулах нөхцөл байгаа учир манайд бол хамаарахгүй. Өнөөдрийн байдлаар АИ92, Дизель түлш 30-40 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхээр манай иргэд санаа зовох хэрэггүй. Энэ тухай мэдээлэл бусад орнуудтай холбоотой мэдээлэл юм.

Өнгөрсөн өвөл шатахууны асуудлыг хамгийн их ярьсан хүн би байгаа. Энэ дээр бол улс орны өвөлжилтийн асуудалд хамгийн их саад болдог асуудал бол шатахууны нийлүүлэлт. Тэгэхээр энийг маш эртнээс мэдэж байгаа учир өөрөө онцгой анхаарч ажиллана” гэж үгүйсгэв.

“ГЭВЧ ЗАРИМ ШАТАХУУН ТҮГЭЭХ КОМПАНИЙН АИ 92 БЕНЗИН ДУУСААД НЭГ САРЫН ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ”

Энэ тухай бид нөхцөл байдлыг бодитоор мэдээлэхээр сурвалжиллаа.

           СХД-ийн 19 дүгээр хороо Драгоны МТ клонкид 20:30 минутад АИ92 шатахуун байхгүй, зөвхөн Евро 92 борлуулж байв. Энэ салбарт АИ92 бензин борлуулаагүй нэг сарын хугацаа өнгөрчээ.

           СХД 7-р хороо Хилчин хотхоны М ойл клонкид хоёр хоногийн хугацаанд АИ92 шатахуун борлуулаагүй байна. Түгээгч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзав.

           Баянбүрд тойргийн М ойл клонкид 19 цаг орчимд АИ92 байхгүй байв. Энэ салбарт АИ92 тасраад 3-4 хоносон байна. Түүнчлэн бусад бүх төрлийн шатахуун түгээхгүй байгаа аж.

           Тасганы овооны Сод Монголд бусад бүх төрлийн шатахуун худалдаалж байв. Харин “Шатахууны багон ОХУ-аас ирэхгүй байгаа гэдэг сураг сонссон” гэдэг мэдээллийг түгээгч өгсөн юм. 

           Зуун айл Галданбошготын гудамж дахь Шунхлай клонкид 19 цаг орчимд АИ92 байсан ба очир ихтэй байв. Түгээгчийн мэдээлснээр “энэ салбарт АИ 92 болон бусад бензин тогтмол борлуулж байна. Нөөцийн талаарх мэдээллийг мэдэхгүй”гэв.

           Тасганы овооны Шунхлай клонкид АИ92 шатахуун худалдаалж байсан ба гурван машин очирлож байв. Түгээгч, “АИ92 шатахууны тасрах тухай мэдээлэл байхгүй байна” гэв.

           3,4 дүгээр хорооллын ТЭС клонкид АИ92 болон бусад төрлийн шатахуун хэвийн борлуулж байв. Тухайн клонкид 20 цаг орчимд зургаан машин очирлож, ачаалал ихтэй байсан юм.

           СХД-ийн 19 дүгээр хороо Депогийн Сод Монгол клонкид АИ92 болон бусад бензин хэвийн борлуулагдаж байлаа.

АИ92 шатахууны тухайд клонкиудаар харилцан адилгүй борлуулагдаж байна.

 Өнгөрсөн өвөл буюу 12 дугаар сард шатахууны хомсдол улс даяар үүсэж, иргэд олон цагаар дугаарлаж худалдан авч байсан.

“ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН АСУУДАЛ ЭНЭ ӨВӨЛ ДАХИН ТОХИОЛДОХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА”

 Энэ сарын 15-ны өдөр ОХУ-ын засгийн газар түлш шатахууны экспортын хоригоо дахин сэргээх шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл Ikon.mn сайтад орсон. Мэдээллийг тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урсгал засварыг гүйцэтгэх явцад дотоод зах зээлийн үнэ ханшийн өсөлтийг хязгаарлах зорилготой гэсэн энэ хориг нь есдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ оны гуравдугаар сард тус улсын эрх баригчид зургаан сарын турш бензин шатахуун гадаадад экспортлохыг хориглож байсан ч дотоод зах зээлийн нөхцөл байдал тогтворжсон шалтгаанаар таваас долдугаар саруудад хоригоо түр завсарлаж байжээ. Шинэ хориг нь Евразийн Эдийн Засгийн Холбоо байгууллагын гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсуудад үйлчлэхгүй юм байна. Товчхондоо манай улсад ОХУ шатахуун импортлох эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

 

Иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, шатахууны зохиомол хомсдол үүсэх эрсдэлээс болгоомжилно уу!

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.