| | USD/MNT 0₮
Манай улсад хөтөч, орчуулагчгүй аялж яваад монгол залууд хүчиндүүлж дээрэмдүүлсэн гэх Хятад эмэгтэй өнгөрсөн долоо хоногт бичлэг хийж, цахим орчинд мэдээлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Зүүн хараа орчимд энэ сарын 15-нд найз залуутайгаа аялж явсан Хятад эмэгтэй Монгол залууд хүчиндүүлж, дээрэмдүүлсэн гэж бичлэг хийж цахим орчинд тараасан юм.
Хятад эмэгтэй хэлэхдээ “Монгол улсад ирээд арван хоног болж байна. Монгол улс үнэхээр сайхан байгальтай сайхан орон. Энэ бичлэгийг би тусламж гуйхаар хийж байна. Би наймдугаар сарын 12-нд Улаанбаатараас Зүүнхараа руу машинаар очсон. Тосгоны голын хөндийд буудалласан. Гэвч би энэ сарын 15 хүчиндүүлсэн. Би найз залуутайгаа хамт Сэлэнгэ аймагт аялж байсан бөгөөд хэсэг залуус дахин дахин архи барьж ирэн майханд нь очиж хамт уусан. Би архинаас уулгүй унтсан. Тэр залуус Найз залууг нь ойрхон газар дахин хөгжилдье хэмээн авч явсан. Үүний дараа нэг залуу ирж намайг хүчиндэж, 5000 юань болон гар утсыг нь аваад явсан. Би энэ талаар цагдаад мэдэгдсэн ч зөвхөн гар утсаа л авч чадсан. Энэ бичлэгийг үзэж байгаа нийт Монголчуудаас тусламж гуйж байна. Тус асуудлыг хуулийн хүрээнд, үнэн зөв шийдүүлэх хүсэлтэй байгаа ба орчуулагч, мөнгө санхүүгийн дэмжлэг, хуульч хэрэгтэй байна” гэв.
“ГЭТЭЛ ХЯТАД ЭМЭГТЭЙН БИЧЛЭГ ДООР МОНГОЛ ИРГЭД ОЛНООРОО БҮДҮҮЛЭГ, ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖГҮЙ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭСЭЭР БАЙНА”
Тухайлбал, “Манай залуус Хятад чавганц тоохгүй. Нэг мөсөн алчихгүй. Юугаа хийж тэнэж явсан юм” гэж сэтгэгдэл бичжээ.
Энэ мэтчилэн бусдыг яс үндэс, гарал угсаагаар цахим орчинд доромжлох нь манай улсад байдаг л нэг үзэгдэл болчихсон.
Уг нь Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэсний байгууллагат нэгдсэн. Ийнхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адил нэр төртэй, тэгш эрхтэй байдаг хийгээд хүн бүр уг тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг аливаа ялгаварлалгүйгээр, тухайлбал, арьс үндэс, арьсны өнгө буюу үндэсний гарлаас үл хамааран адил эдлэх ёстойг анхааралдаа авах ёстой гэдэг үүрэг хүлээсэн билээ.
НҮБ-д нэгдсэнээс хойш 63 жил өнгөрсөн ч нийгэмд хүний эрхийн талаарх мэдлэг, мэдрэмж байхгүй бусдыг үндэс угсаагаар доромжилж гадуурхсан хэвээр байгааг энэ жишээнээс харж болно.
Сэтгүүлч: А.Булганчимэг