| | USD/MNT 0₮
Богд-Уулын Кувейтын аманд амарч зугаалж, эмийн ургамал түүж байсан 62 настай эрэгтэй алга болсон гэх дуудлага, мэдээлэл наймдугаар сарын 21-нд онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тухайн дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид наймдугаар сарын 22-нд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Эрлийн ажиллагаанд Аврах ангийн найман алба хаагч, эрэлч нохой, ХУДОБХ-ийн Гал түймэр унтраах 14 дүгээр ангийн долоон алба хаагч, ХУД-ийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн таван алба хаагч, ар гэрийн бүрэлдэхүүнтэйгээр 12 га талбайд 34км замыг туулан эрэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул шөнийн 00:30 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Улмаар наймдугаар сарын 23-нд эрлийн ажиллагааг 07:00 цагт эхлүүлж, Богд-Уулын Манзуширын хийд, Өвгөний ам, Макын ам, Хүрхрээ, Хүрэл тогоо, Жаргалантын ам, Нүхтийн амуудаар 46 га талбай, 81 км замыг туулан эрэн хайж 16 цагийн орчимд Улаан хавцал гэх газраас алга болсон 62 настай эрэгтэйг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Эрлийн ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, НОБГ-ын Аврах анги, ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, ХУД-ийн Цагдаагийн газрын алба хаагчид хамтран зохион байгууллаа.