| | USD/MNT 0₮
Орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо явагдаж байгааг та мэдсэн үү? Одоогоор улсын хэмжээнд 1,5 сая хүн хамрагдаад буй нь хамрагдах ёстой хүмүүсийн дөнгөж 44% болж байна. Урьдчилсан үр дүнтэй нь танилцахад үнэхээр гунигтай байна аа. Үзлэгт хамрагдсан 1,5 сая хүнээс өвчлөлийн 1,2 сая сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос 659 мянга буюу 55.6 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 172 мянга буюу 14.5 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчин, 111 мянга буюу 9.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 86 мянга буюу 7.3 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 37 мянга буюу 3.1 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 89.9 хувийг эзэлж байна.
Хамгийн эмгэнэлтэй нь 0-17 насны хүүхдийн өвчлөлийн 252 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс шүд цоорох 196 мянга буюу 77.8%, шүдний гажиг 7 мянга буюу 2.9%, хараа муудах 3 мянга буюу 1.2%-ийг эзэлж тэргүүлэх өвчлөл болж байна. Бүртгэгдсэн шүд цоорох өвчний 162 мянган тохиолдол буюу 82.6%-ийг 6-17 насны хүүхэд эзэлж байна.
Үзлэгт хамрагдсан 18-60 насны хүн амаас хортой болон хоргүй хавдрын 7.4 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18-30 насны ангилалд 103 тохиолдол буюу 1.4%, 31-45 насны ангилалд 3.2 мянган тохиолдол буюу 44.1%, 46-60 насны ангилалд 4 мянган тохиолдол буюу 54.5%-ийг эзэлж байна.