| | USD/MNT 0₮

БНСУ-ЫН "ХОСО" ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУД НЕБ-ЫН 23, 81 ДҮГЭЭР СУРГУУЛИУДЫН СУРАГЧДАД РОБОТЫН ХИЧЭЭЛ ОРНО

 БНСУ-ын Боловсролын яамнаас зохион байгуулж, Солонгосын ЕБС-уудад хэрэгжүүлдэг “Их сургуультай хамтарсан боловсролын хөтөлбөр” хэмээх хөтөлбөр байдаг аж. Их сургуулийн багш, оюутнууд ЕБС-ын сурагчдад сонирхол татахуйц интерактив хичээл болон туршилтуудыг хамтран хийж, сурагчдыг өөрсдийг нь оролцуулдгаараа онцлогтой хичээлүүд ч үүнд багтсан байдаг. Ийм сургалтын тусламжтайгаар хүүхдүүд шинжлэх ухаанд сонирхолтой болж, ирээдүйд тухайн чиглэлээр мэргэжил эзэмших суурийг тавьдаг юм.

Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Хосо их сургуулийн Ким Жон-жү профессор “Хосо мөрөөдлийн эхлэл” нэртэй хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг юм. Тэрээр Солонгосын ЕБС-ын сурагчдад зургаан долоо хоногийн хугацаанд “Бие даасан хөдөлгөөнт роботын үндэс” хичээлийг роботын эд анги, микропроцессор, мэдрэгч, мотор, программын хэлийг заадаг бөгөөд үүгээр дамжуулан сурагчид роботын тухай анхан шатны ойлголт, ажиллах зарчмын талаар ойлгож авдаг байна. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид роботын салбарт сонирхолтой болж, цаашид энэ чиглэлээр сурах сонирхол нь нэмэгдэж, энэ салбарт ажиллахыг хүсдэг болдог гэнэ.

Ким Жон-жү профессор энэхүү “Хосо мөрөөдлийн эхлэл” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх мөрөөдлийг тээж ирсэн ба энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23-р сургууль, 81 дүгээр сургуультай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зуралцжээ. Тэрээр өмнө нь Хосо их сургууль дээр хэрэгжүүлсэн загварын дагуу “Бие даасан хөдөлгөөнт роботын үндэс” хичээлийг 23-р сургууль, 81 дүгээр сургуулийн сурагчдад өөрийн сургуулийн оюутнууд болон тус ЕБС-ын багш нартай хамтран заахаар төлөвлөсөн бөгөөд сургалтын төхөөрөмж болох Microbit роботын багцыг мөн бэлэглэлээ.

Хичээлийг Солонгос болон Англи хэл дээр орох тул Солонгос хэлний анхан шатны хичээлийг ч мөн хөтөлбөртөө багтаасан байна. Оффлайн болон онлайн сургалт хосолсон энэ хөтөлбөрийг хичээлийн жилийн туршид онлайнаар, амралтын үед оффлайнаар буюу биечлэн заах боломж байгаа эсэхийг судалж байгаа гэнэ.

Тус хичээлийн хөтөлбөрт:

-          Робот гэж юу вэ?

-          Хөдөлгөөнт роботын суурь

-          Роботын мэдрэгчийг ойлгох нь

-          Моторыг ашиглах нь

-          Программчлал гэсэн хичээлүүд багтсан аж.

Ким Жон-жү профессорын хувьд БНСУ-ын Хосо их сургуулийн Ухаалаг роботын тэнхимд багшилдаг бөгөөд анх Монголд зочилсон цагаасаа хойш Монголын үзэсгэлэнт байгаль, соёлд татагдсан төдийгүй, Монгол хүний мөн чанарыг ихэд хүндлэх болжээ. Тиймээс ч боломж л гарвал Монгол улсад зочилж, Монголын их дээд сургуулиуд болон засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай байнгын харилцаатай байдаг болсон байна. Тэрээр 15 жилийн өмнө Хосо их сургуулийн Go Global хөтөлбөрөөр дамжуулан анх Монгол улстай харилцаж эхэлсэн юм. Тэрээр энэ удаагийн хамтын ажиллагаа нь цаашид улам дэлгэрэн, зөвхөн робот гэлтгүй бусад салбарын хичээлүүдийг ч ийнхүү Монголын ЕБС-ын сургуулиудад орж эхлэх том ажлын үндэс болно гэдэгт найдаж байгаа гэж хэлсэн юм.

Хосо их сургууль нь Чүнчоннам-ду мужийн Асан хотод байрладаг 4 жилийн сургалттай хувийн хэвшлийн их сургууль бөгөөд 8 коллеж, 14 факультет, 58 тэнхим, 4 энгийн ахисан түвшний сургууль, 3 мэргэжлийн ахисан түвшний сургууль, 6 онцгой ахисан түвшний сургуультай бөгөөд ойролцоогоор 17000 оюутан суралцдаг ажээ. Хосо их сургууль туршлага мэдлэгээр дүүрэн профессор багш нарынхаа тусламжтайгаар олон төрлийн мэргэжлээр ирээдүйн чадварлаг боловсон хүчин, эрдэмтэд, судлаач нарыг бэлтгэж байна. Цаашид ч ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод туслах энэхүү “Хосо мөрөөдлийн эхлэл” хөтөлбөрөө Монголын ЕБС-ын сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр зорьж байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.