| | USD/MNT 0₮
Хичээлийн шинэ жил эхлэхэд нийслэл хотын замын түгжрэл хэд дахин нэмэгддэг. Манай улс түгжрэлийн тусгай сайдтай байгаад ч энэ асуудлыг шийдэж чадахгүй өдий хүрч байна. Тиймдээ ч эрх баригчид оюутан залуус, орон нутгийн иргэд нийслэлд цуглахад олон шийдвэр, санаачилга дэвшүүлдгийн нэг нь их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудал байдаг.
Өнгөрсөн жилийн буюу 2023 оны 08 сард замын түгжрэлийг шийдэх зорилгоор их дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэх саналыг тухайн үеийн Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар гаргаж байсан. Харин эл саналаас татгалзсан Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалан “Их сургуулиудыг хотын захын хороолол руу нүүлгэнэ гэсэн мэдээлэл замын түгжрэлийг шийдэхийн тулд гаргаж байгаа санал болов уу. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэнэ гэсэн Засгийн газрын бодлого тодорхой болчихсон шүү дээ. Дархан, Эрдэнэт, Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гарчихсан. Олон санал гарч болно, гэхдээ үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэдэгдлүүд хиймээр байгаа юм. Гэнэтийн мэдэгдлүүд хийж, ард иргэдийг бухимдуулж болохгүй” гэж мэдээлж байлаа.
Тэгвэл их дээд сургуулиудыг нүүлгэх ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРСАН БОЛ энэ ажил хэзээ хэрэгжиж биелэлээ олох вэ. Л.Энх-Амгалан сайд дөрвөн жилийн хугацаанд Боловсролын сайдаар ажиллахдаа одоогийн байдлаар Дархан, Эрдэнэт хотуудын аль руу ч нэг ч их, дээд сургууль нүүж хотын хөл хөдөлгөөн буураагүй байна.
Угтаа манай улсад их дээд сургуулиудыг нүүлгэнэ гэх үлгэр сүүлийн 10-аад жил яригдаж байна. Тухайлбал, Засгийн газраас 2017 онд их, дээд сургуулиудыг чиглэл, чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг тухайн үеийн БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгаж байв. Гэвч өдийг хүртэл шийдэлд хүрсэнгүй. Тогтоол, шийдвэр нь цаасан дээр үлдэв.
Түүнчлэн 2018 онд хотын даргаар С.Батболд ажиллаж байхдаа “Дархан хот нь хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ийн салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ийг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Ингэхийн тулд Улаанбаатар хотод орших ХААИС нь хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно.
Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учраас нийслэл хотыг төвлөрлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их, дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй" гэж байв.
Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд хотын түгжрэлээс болж оюутан залуусаа хотоос гаргана гэж мэдэгдэж, оролдсон ч болсонгүй, барсангүй. Бараг Засгийн газар, хотын удирдлага бүхэн их дээд сургуулийг хотоос нүүлгэх асуудлыг хөнддөг ч ажил хэрэг болсон нь үгүй өнөөдрийг хүрэв. Төрийн залгамж чанаргүй, дарга солигдоход бодлого нь солигддогийн хар гайгаар бид намар бүр их дээд сургуулиа хотоос гаргаж түгжрэлээ бууруулна гэж ярьсаар сууна.
Боловсролын сайдын халааг авсан П.Наранбаатар энэ ажлыг бодитоор хэрэгжүүлж чадах уу? Уншигч та ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ нүүлгэхийг дэмжиж байна уу? Дүгнэлтийн уншигч танд үлдээе.