| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: Практик буудлагын ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, түүх бичсэн тамирчид

Дөрвөн жилд нэг болдог Практик буудлагын спортын Карабины ДАШТ-ээс монгол өсвөрийн тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль гардаж, өмнөх амжилтаа ахиуллаа.

Тодруулбал, энэ сарын 4-9-ний өдрүүдэд Финланд улсын Оулу хотноо үргэлжилсэн тэмцээнд таван тивийн 35 орны 827 тамирчин, дөрвөн  ангилалд цэц мэргэнээ сорьсон юм. 130 гаруй улсад түгэн дэлгэрсэн практик буудлагын спорт нь есөн төрлийн зэвсэг ашигладаг.  Харин Карибин буюу урт бууны төрөл нь Ази тивд төдийлөн өргөн дэлгэрч амжаагүй ч монгол тамирчид Америк, Европын тамирчидтай эн зэрэгцэн өрсөлдөж түүх бичлээ.

Тэмцээн гурав дахь жилдээ зохиогдож буй бөгөөд манай тамирчид өмнөх тэмцээнүүдээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль цуглуулаад байв. Уншигч та бүхэнд ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг танилцуулъя.

Гар цэнэглэлттэй опен ангилалд спортын мастер Содномжамцын Дашдэмбэрэл түрүүлж алтан медаль,

Гар цэнэглэлттэй опен ангилалд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер С.Дашдэмбэрэл, спортын мастер Г.Наран-Очир, спортын мастер Э.Эрдэнэхалиу, олон улсын хэмжээний мастер Д.Энхбаатар нар) тэргүүлж алтан медаль,

Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Ариг түрүүлж алтан медаль,

Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд Наранбаатарын Амир мөнгөн медаль,

Хагас авто стандарт ангилалд өсвөрийн тамирчид дунд дэд мастер Алтангэрэлийн Цовоо удаалж хүрэл медаль,

Хагас авто стандарт ангилалд эмэгтэйчүүд дунд багийн дүнгээр Монголын баг (спортын мастер Р.Бямбасүрэн, спортын мастер Н.Одгэрэл, дэд мастер Ш.Оюун-Эрдэнэ, Ү. Халиун нар) хүрэл медаль тус тус хүртлээ.

Нийт зургаан хоног үргэлжилсэн, 30 дасгалаас бүрдсэн тус тэмцээнд хагас авто стандарт ангилалд өрсөлдсөн эрэгтэйчүүдийн баг болох спортын мастер О.Энхболд, спортын мастер М.Батмөнх, спортын мастер М.Энхбаяр, спортын мастер О.Баттөгс нар тэмцээний сүүлийн өдөр хүртэл медалийн төлөө ширүүн өрсөлдөж нийт 16 багаас дөрөв дүгээр байр эзэлсэн амжилт үзүүллээ. Ялангуяа спортын мастер Отгонбаярын Энхболд хувийн дүнгээр найм дугаар байр эзэлсэн бөгөөд практик буудлагын аливаа тэмцээний төгсгөлд шилдэг найман тамирчны дунд зохион байгуулдаг Shoot-Off буюу халз буудлагын уралдаанд өрсөлдөж дэлхийн аваргуудыг хожиж хоёрдугаар байр эзэлсэн нь тэмцээний бас нэг дуулиан болсон юм.

 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.