| | USD/MNT 0₮
Монгол оронд сүүлийн үед туйлын туяа ойр ойрхон үзэгдэж байгаа. Хамгийн сүүлд наймдугаар сарын 12-ны орой 23 цагт нийт нутгаар туйлын туяа харагдсан юм. Үүний өмнө өвлийн улиралд харагдсан. Энэ мэтчилэн одон орон судлалын талаар бид Б.Мөнх-Чингистэй ярилцлаа. Тэрбээр Астро-Март одон орон дурангийн дэлгүүртэй бөгөөд энэ төрлийн шинжлэх ухааныг сонирхоод 10 гаруй жил болж байгаа аж.
--Та одон орон судлалын дуран худалддаг ба дурангаар од харуулах үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Хэзээнээс энэ бизнесээ хийж эхэлсэн бэ?
-Би одон орны дурангийн дэлгүүрээ нээгээд гурван жил болж байна. Дуранг авсан хүмүүс яаж ашиглахаа мэддэггүй учир танилцуулахын тулд Стар парти аялал зохион байгуулдаг. Үүнд нэг хүний таван мянган төгрөгөөр өөрсдийн машинаараа явах боломжтой байдаг. Ашгийн төлөө биш хүүхдүүдэд багаас нь одон орон шинжлэх ухааныг таниулах зорилготой юм.
- Мөн солирын бороо яг одоо орж байгаа шүү дээ?
-Тийм. Солирын бороо гэдэг нь 12 ордны явж өнгөрсөн сүүлт одны замд дэлхий жил бүр дайралддаг үүнийг хэлдэг. Жил бүр энэ замыг дэлхий дайрдаг учир тов нь урьдчилан гарсан байдаг. Энэ жилийн солирын бороо цагт 80-100 солир харваж өнгөрөх хуваарьтай байсан. Энэ үеэр буюу наймдугаар сарын 11-ний өдөр би тэр газар очоод нар дурандсан юм. Тэгэхэд маш том толбо харагдсан. Тэгээд орой нь очоод дурандахад туйлын туяа харагдсан.
“ЭНЭ ЖИЛ МАНАЙ ОРОНД ГУРВАН УДАА ТУЙЛЫН ТУЯА ХАРАГДЛАА”
-Манай оронд энэ жил хэд хэдэн удаа туйлын туяа харагдсан. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?
-Туйлын туяа гэдэг нь нарны идэвхжилээс болоод дэлбэрэлт болоод үүнээс гарсан энерги нь манай хойд өмнөд туйлын соронзон орныг нэвтлээд гэрэл нь цацарч байгаа үзэгдэл байгаа юм. Энэ нь хойд туйлтай ойрхон Норвегид харагддаг бол энэ жилийнх шиг хүчтэй дэлбэрэлт нь дэлхийн олон оронд харагдаж болдог. Энэ жил манай оронд гурван удаа туйлын туяа харагдлаа.Бидэнд харагдаж байгаа нь хэт өндрөөс орж ирж байгаа туйлын туяа юм. Харин нам дороос орж ирэх тусам туйлын туяа өнгө өнгийн болж харагддаг.
-Энэ төрлийн шинжлэх ухааныг сонирхогчид шинэ төрлийн нээлт хийсэн тохиолдол байгаа юу?
-Байлгүй яах вэ. Жишээлбэл, Өнгөрсөн жилийн аравдугаар сард Англид Супер нова болсныг дурангаараа хараад бүртгэж аваад нийтлэл болгосон тохиолдол бий. Энэ бол маш том зүйл юм. Од дэлбэрэх процесс гэсэн үг л дээ. Нэг од дэлбэрлээ гэхэд дэлхийд хэдэн хоног, сарын дараа харагдана гэсэн үг.
“ГОЛ НЬ ГЭРЛЭЭС ХОЛ БАЙЖ ОДОН ОРОНД АЖИГЛАЛТ ХИЙХ ЁСТОЙ БАЙХАД ХҮРЭЛ ТОГООТЫН ХАЖУУД “ТАУН ХАУС”-УУД БАРЬЧИХСАН БАЙГАА”
-Манай улсад Хүрэл тогоот гэдэг одон орон судлах оргил бий. Тэнд энэ наран дээр болсон дэлбэрэлтийг ажигладаг гэсэн үг үү?
-Нарыг тогтвортой ажигладаг уу гэдэг нь сонирхолтой. Уг нь манай улсад шинжлэх ухааны хүрээлэн байгаа. Хүрэл тогоот гээд ажиглалтын төвүүд бий. Гол нь гэрлээс хол байж одон оронд ажиглалт хийх ёстой байхад Хүрэл тогоотын хажууд “Таун хаус”-ууд барьчихсан байгаа. Тэгэхээр тэр бол гэрэлтэй болоод ажиглалт хийх боломжгүй байна гэсэн үг юм. Түүнчлэн тогтсон ажиглалт хийх газар сонирхогч хүнд байдаггүй. Өндөр хөгжсөн АНУ-д гэрийнхээ гадаа дурангаа зоогоод ашиглах бүрэн боломжтой байдаг.
-Шинжлэх ухааныг хүүхэд залуус сонирхох, цаашлаад өргөн хэмжээнд судлах нь таны бодлоор ямар ач холбогдолтой вэ?
- Шинжлэх ухааны танин мэдэхүйгүй хүмүүс атомын цахилгаан станцыг эсэргүүцнэ. Харин шинжлэх ухаан өндөр хөгжсөн Япон улс атомын цахилгаан станцаа бариад тогны асуудлаа бүрэн шийдэх гэх мэт. Ер нь шинжлэх ухаан бол хүн өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор хийж буй нээлт юм. Иймд шинжлэх ухааны салбар хөгжих зайлшгүй шаардлагатай юм.
Би дэлгүүрээ ашгийн төлөө ажилладаггүй. Талх бол өдөр бүр зарагддаг. Манай дуран сардаа нэгийг зарах тохиолдол байдаг. Гол нь ирээдүйн хүүхэд залуусыг шинжлэх ухаанд дуртай сонирхолтой болгох зорилго надад байдаг юм. Миний дуранг худалдан авсан хүүхэд ирээдүйн нобелийн шагналтан болохыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Ярилцсан танд баярлалаа.
Сэтгүүлч: А.Булганчимэг