| | USD/MNT 0₮
Рок поп хөгжмийн амьд домог "Харанга" хамтлагийнхан урлагийн тайзан дээр амьдарсны 30 жилийн ойгоо өнгөрсөн бямба гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт нүсэр тэмдэглэв.
"Харанга 30 жил-Замд гаръя..." тоглолтыг үзэгч фэнүүддээ өргөн барив.
МУГЖ Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/, МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/, Техникч МУСТА Ц.Мөнх-Эрдэнэ, Д.Батбилэг /аргил гитарчин нар бүгд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
Тус хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Тэд 1989 онд УДЭТ-ын тайзнаа “Амьдрал” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо толилуулснаар хамтлагийн насыг тоолдог юм байна.
Өнгөрсөн баасан гарагт харанга дэлдэж, бөмбөр нүдэж, зүрхний хэмнэл алдагдуулж, сэтгэлийн диско эдлүүлж “Буянт-Ухаа” цогцолборыг дэлбэлсэн үдэш байв. Тод дэлгэцний урд том тайз засчээ. Нүргэлсэн ая, гялалзсан гэрлийн дор үзэгчид хөл гишгэх зайгүй битүү зогсоно.
Хөөрсөн догдолсон үзэгчид дууг нь даган дуулж, уухай хашгирах нь хамтлагийнханд урам зоригийн ташуур болж байв. Тайзан дээр эрх чөлөөг мандуулсан тэднийг хийморлог морьтой зүйрлэж болмоор ч юм шиг. Үсээ задгай хаяж, гитараа тоглох Ц.Энхманлай, Х.Лхагвасүрэн хоёр бол яг л дэлээрээ гоёсон азарга шиг харагдаж байсныг нуухгүй. Х.Лхагвааг ч “Харанга”-ын хар азарга гэж хочилдогийг тайзан дээрх байгаа байдлаас нь олж харав. Сүртэй чиг харагдана. Хоолойны чадал, гаргаж байгаа үйлдэл нь түүнийг ямар хүн бэ гэдгийг нотолно. Гайхамшигтай гэхээс өөр юу хэлэх билээ дээ.
Монголд хоёрхон хамтлаг “Алдрын од”-той. Тухайлбал, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Харанга” хамтлаг хоёрт дээрх одонг төр засгаас хүртээсэн. Нэр хүндтэй тэмдгээ дуучин Чука энгэртээ гялалзуулсан харагдав. Аяа алдрын одтой “Харанга” хамтлаг 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Хамтлагийн ахлагч Х.Лхагвасүрэн “40 жилийн ойгоо хийхийн тулд эрүүл байх ёстой. Тиймээс өнөөдрөөс эхлээд энэ тамхийг бүр хаялаа” гэдгээ хэлэв.
Тайзан дээр тасралтгүй таван цаг бөмбөр нүдсэн бөмбөрчин Н.Пүрэвдашийн гайхамшигтэй үзүүлбэр үзэгчдыг гайхшруулав.
Тоглолтыг дэлхийн стандартад нийцүүлэн тайз дэлгэц, гэрэл, өнгө будгийн найруулгатай хийжээ. Шинэлэг бас нэгэн өөрчлөлт дэвшилтийг олж харав.
Бүтэн өдөр үргэлжилсэн энэ тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Маdness”, “Fire”, “The lemons”, “A sound”, Rec on, Lumino, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин том Жагаа буюу Д.Жаргалсайхан, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Өөжгий, поп Б.Сарантуяа, С.Наран, дуучин Б.Чойжоо, Альтернатив Отгоо, “Киви” хамтлагийн дуучин Ука, реппер Gee, дуучин Болор-Уянга, Халиунаа, Сэрчмаа, Солонго, Баярцэцэг зэрэг шилдгүүд оролцож ая дуугаа өргөхөөс гадна “Харанга” хамтлагийн дуунуудыг хамтран дуулсан нь илүү шинэлэг онцлог харагдав.
О.Гал
Монголд хоёрхон хамтлаг “Алдрын од”-той. Тухайлбал, “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Харанга” хамтлаг хоёрт дээрх одонг төр засгаас хүртээсэн. Нэр хүндтэй тэмдгээ дуучин Чука энгэртээ гялалзуулсан харагдав. Аяа алдрын одтой “Харанга” хамтлаг 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтоо хийнэ.