| | USD/MNT 0₮

МОРДОХЫН ХАЗГАЙ

МОРДОХЫН ХАЗГАЙ

Монголын тамирчид Парисыг зорихоосоо өмнө л хэл ам, бүтэлгүйтэлтэй учирсан гэхэд болно. Боксын холбоо нь мэдүүлгээ хоцорч илгээснээс болж олимпын эрхийн эхний тэмцээндээ орж чадсангүй. Үр дүнд нь эрэгтэй боксчид түүхэндээ анх удаа олимпын гадна үлдлээ.

3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн төлөөх сүүлийн тэмцээнд манай тамирчин А.Ананд өрсөлдөгчөө мөргөсний улмаас тоглолтоор шийтгүүлж, хүн дутуу тоглосон Монголын шигшээ эрхийн төлөөх тоглолтуудад харамсалтай ялагдав.

Манайхыг хүн дутуу байхад 21:20-р арайхийн хожсон Францын баг олимпоос мөнгөн медаль авч буйг харахад манай сагсчдад муугүй боломж байсан нь ойлгогдоно.

Залгуулаад буудлагын тамирчин О.Есүгэний мэдүүлгийг дутуу бөглөн явуулснаас болоод нэмэлт төрөлдөө өрсөлдөж чадахгүй болох эрсдэл үүсэв.

Нулимстай лайв, бөөн хэрүүл, бичиг цаас болсны эцэст О.Есүгэн оролцох ёстой дасгалууддаа оролцсон нь сайшаалтай ч хариуцлагагүй байдлаас үүдэлтэй энэ алдаа тамирчны сэтгэлзүйд хэрхэн нөлөөлснийг таашгүй.

Ингээд уламжлал ёсоор баг тамирчдын хувцасны маргаан өрнөсөөр олимптой золгож, залгуулаад мандатны хэрүүл хийсээр олимпыг өндөрлүүлэв. Энэ их шүүмжлэл, хэрүүл маргаан дунд оролцож байгаа тамирчдын амжилт яаж ч өөдөө байх билээ.

Үр дүнд нь Монгол Улс 2004 оноос хойш анх удаа ганцхан медальтайгаар олимпыг дуусгаж, Монголын спорт урагшлах биш, ухарсаар байгааг бидэнд санууллаа.

ЭРЭГТЭЙ ТАМИРЧДЫН ЖИН БУУРСААР

Өмнөх Токиогийн олимпод Монголын багийн дийлэнхийг эмэгтэй тамирчид анх удаа бүрдүүлсэн. Хүйсийн харьцаа 25-18 байв. Эмэгтэй тамирчид багийн цөмийг бүрдүүлсэн түүх Монголын олимпын түүхэнд урьд өмнө байсангүй.

Гэтэл Парисын олимпод ч энэ байдал дахин давтагдлаа. Энэ удаа 18 эмэгтэй, 14 эрэгтэй тамирчин эрх аван оролцов.

Улмаар эрэгтэй тамирчид 2000 оноос хойш анх удаа медаль хүртэж чадсангүй. 

Эрчүүд минь хичээхгүй бол эмэгтэй тамирчид амжилт, ялалтаараа та хэдийг хол орхиод эхэлжээ.

АНХНЫ МЕДАЛЬТНУУД

“Парис-2024” олимпод 206 ҮОХ тамирчдаа оролцуулснаас Доминик, Сент-Люси, Капе Верде, Албани улс олимпын анхны медалиа хүртэв.

Мөн Ботсван, Гватемал улс анхны олимпын аваргаа Парисаас өлгийдөн авсан юм.

Гурав дахь олимпдоо оролцсон Дүрвэгсдийн баг түүхэн дэх анхны медалиа авсныг мөн онцлох ёстой.

ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ 17 УДАА ШИНЭЧЛЭГДЭВ

Олимпын үеэр дэлхийн дээд амжилт 17 удаа шинэчлэгдлээ. Дугуйчид 5, усныхан 4 удаа рекордыг ахиулсан байна.

Гэхдээ 17 гэдэг тоо тун бага гэсэн үг. Өмнөх Токиогийн олимпод 20, Бээжинд бүр 30 удаа дэлхийн рекорд шинэчлэгдэж байжээ. Ер нь эвдэгдэх рекордын тоо олимпоос олимпод буурсаар байна.

ТОП ТАМИРЧИД

Хувийн үзүүлэлтээр усны гурван тамирчин энэ олимпыг өнгөллөө.

Францын усчин Леон Маршан 4 алт, 1 хүрэл медаль хүртэж, үндэсний баатар болсон.

Мөн АНУ-ын Торри Хаск 3 алт, 2 мөнгөн медаль эх орондоо авчирсан бол Австралийн усч бүсгүй Молли О’Каллахан 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар бусад тамирчдыг тэргүүллээ.

НЭГ ХҮНД НОГДОХ МЕДАЛИЙН ТООГООР ГРЕНАДА ТЭРГҮҮЛЭВ

124 мянган хүн амтай Гренада улс Парисын олимпоос хоёр хүрэл медаль хүртэв. 56,289 хүн тутамд нэг медаль ногдож, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүллээ.

Удаах байрт 1 алт, 1 мөнгөтэй Доминик (67,408 хүн тутамд), алт, мөнгө нэжгээдийг хүртсэн Сент Люси (92,050 хүн тутамд) бичигджээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.