| | USD/MNT 0₮
X Богд Жэвзүндамба хутагтын ээж, "Монголполимет" группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан эгэлгүй хувь заяанд төрсөн хүүгийнхээ талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр, Ээждээ л Бурхан үр минь. Ээжийнхээ энгэрт эрхлэх энхрий бяцхан үр минь сөрж болохгүй хувь заяаны эрхээр яасан ч бэрх үүрэг хариуцлага үүрнэ вэ дээ. Нялххан хүүг минь ой гарантай байхад нь 10-р Богдоор Бурхан шашны өндөр дээд ёс жаягийн дагуу тодруулсан мэдээг сонсоод үнэндээ бид хүлээн зөвшөөрч чадаагүй.
Түүнээс хойш олон жил нуруундаа үүрч, энгэртээ өвөртөлж олны нүднээс хамгаалж эгэл жирийн багачуудын адил өсгөж хүмүүжүүлэхийг хичээж ирсэн. Таны, миний хүү ялгаа юу байх билээ, адилхан бяцхан үрс шүү дээ. Түмний төлөө хэмээн заяагдсан өндөр хариуцлагатай амаргүй хувь тавиланг үүрч яваа бидний бяцхан хүүг, энэ тавиланг үүрэлцэж, хамгийн их зүтгэлээр хичээнгүйлэн яваа гэр бүлийг минь ойлгон уужим ухаан, ариун сэтгэлээр хандаасай гэж та бүхнээсээ хүсэж байна.
Ганц гэр бүл дааж явна гэдэгт хэтийдсэн их үүрэг, элбэгдсэн том хариуцлага бидэнд ирсэн ч бид машид хичээнгүйлэн зүтгэж байна. Гэрлийн дэргэд сүүдэр байдгийн адилаар элдэв дайралт, гүтгэлэг хэдэн мянгаараа гэнэт нээгдэх хуурамч хаягнаас байнга ирж байна.
Үнэн хэрэгтээ бидний гэр бүл, хамт олонд маш их дарамт, шахалт, заналхийлэл ирж, бэрх цаг үеийг туулж явна. Энэ цаг үед монгол хүмүүс бидэнд зөв ойлголцол, бие биедээ өгөх сэтгэлийн урам, дэм, эв нэгдэл хамгаас хэрэгтэй мэт санагдаж байна. Бидэнд, хүүд минь эхийн сэтгэлээр хандаж, их хайр, энэрлээ илэрхийлж буй хүн бүрт гүн талархая.
Даян дэлхийн үрс бүгд энх амгалан байж, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай гэжээ.