| | USD/MNT 0₮

ОНЦЛОХ ПОСТ: Э.Бадар-Ууган олон жил МҮОХ-гоор наадлаа. Одоо ажлаа өг!

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам 17 хоногийн турш үргэлжилж хаалтаа хийлээ. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 206 орны баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Монгол Улсын тухайд, энэ удаагийн олимпын наадамд 32 тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аварга Б.Баасанхүү нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 74 дүгээр байрт жагссан байна.

Энэ удаагийн наадамд Монголын олимпын хорооны удирдлагууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг урдаа барьж тамирчдын амжилтаас хойш татсан хэмээн ард түмэн шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ талаар сэтгүүлч Эмүжингийн постыг уншигч танд онцлон хүргэж байна.

Монголчууд хоёр кастын дунд холбирч олимп үзлээ!

За энэ Бадар-Ууган бол угаасаа сэтгэлгээний төвшин, боловсрол, хэл ус, сэтгэл зүрх нь дутна, одоо ажлаа өг, олон жил МҮОХ-гоор наадлаа. Баттүшиг Олон улсын олимпийн хороонд бие даагч гишүүнээр 2020 оноос сонгогдсон, тухайн үедээ "Би Харвард төгссөн, бизнес технологийн хүн, спортод элэгтэй, сэтгэлтэй гэсэн шалгуурыг хангасан" гэж ярилцлага өгч байжээ. Тэрбээр ОУОХ-ны маркетингийн комисст анх нэр дэвшин орсон юм байна. Хөгжиж буй Монголд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлнэ энэ тэр гэсэн лаг том том юм ярьж байсан байх юм. Б.Баттүшиг Монголын спортын салбарт олон улсаас хөрөнгө татах гүүр болохын зэрэгцээ Залуучуудын олимпийг эх орондоо хийнэ гэж уг ярилцлагадаа дурджээ. За баахан гоё юм уншчихсан уу? Гэтэл бодит байдал дээр энэ хүн хэн ч биш байлаа. Бусад орны тамирчид наад зах нь гурван дасгалжуулагчтай, дээр нь хоолзүйч, сэтгэлзүйчтэй, дэлгэц дүүрэн бужигнаж байхад манай хэд багштайгаа хоёулхнаа л хөлсөө урсгаад гүйгээд байх юм. Яаж сэтгэл санаа нь бардам дүүрэн байх юм бэ? Монголын тамирчдын нөхцлийг сайжруулж, олон улсын жишигт аваачих юм болов уу гэж хэлтэй боловсролтойд нь найдан зөндөө хүлээлээ, харин ч бүр дордсон байхыг нь харлаа. Ямартаа алдсан хүн арван тамтай гэж, 16 мандат маань хэний хүзүүнд зүүлгээтэй байгаа юм бол гэж хүн болгоныг л хардлаа. Монголын төлөө, Олимпийн эрх авсан монгол тамирчдын төлөө МҮОХ яг юу хийв ээ? МҮОХ-ны Ерөнхийлөгч гэдэг эл суудал энэ хүний гэр бүлийн, аав ээжийн бизнестээ хамтрагч олж, өргөжүүлэх боломж төдий л байсан бололтой. Америк, Бразил, Монгол ялгаагүй,...олимпийн эрх авсан тамирчны эдлэх эрх, шаардах нөхцөл гэж байх ёстой. Үүнийг ядаж яагаад Монголдоо нутагшуулсангүй вэ? Олон улсын жишгээр бэлдсэн бол, байх ёстой мэргэжлийн хүмүүс нь тойрон хүрээлж байсан бол Орхон, Тулга хоёр бол бүрэн ялахаар байлаа, юу дутав, сэтгэлзүй дутав. Яагаад дутав? Б.Баттүшиг МҮОХ-г зүгээр л ядуу тамирчид, баян шоучид гэсэн анги давхаргын хоёр ангилал руу чихчихлээ. Бид нөгөө хэл амтай Мишел Амазонкийн хэдэн саяын үнэтэй дээл хантаазаар гангарсан кастынхан, дэвжээн дээр багшаасаа өөр тулах хүчгүй гарч байгаа, итгэл зориг нь хаана ч юм гацсан, түрээсийн байр дамждаг хөлстэй хэдэн тамирчин гэсэн хоёр кастын дунд савлан байж олимп үзлээ. Үнэхээр савлаж, бахархал, үзэн ядалтыг зэрэгцүүлэн байж наадлаа. Товчхондоо бол залуу баяжсан ч, ядуурал залуугаас явсангүй гэдгийг Баттүшиг, Бадар-Ууган нарын хүмүүсээс улс орноороо бид харлаа. Баттүшигээс шинэчлэл хүлээсэн, шинэ хандлага хүлээсэн, өөрчлөлт хүлээсэн, тэр үүнийг авчирч чадсангүй. Хэдэн тамирчинд маань хүндэтгэлтэй хандаж чадсангүй. Нөхцөл байдлыг нь дээрдүүлэх юу ч хийсэнгүй. Монголд технологийн инкубатор байгуулна хэмээн 2015 онд ярилцлага өгч, Монголд залуусын олимп зохион байгуулах боломжтой гэж 2020 онд бүлтэрч байсан энэ хүнээс юу ч хүлээх хэрэггүй юм байна. МҮОХ бол албан тушаал, нийгэм дэх нөлөөлөл, нэр төр хайсан хүний сүүлчийн орогнох газар биш эээ. Монголын тамирчдын нөхцөл байдал илүү дээрдэх ёстой, спортын мэргэжлийн менежертэй байх ёстой, шинэ ур чадвар, техникт суралцах ёстой. Үүнийг хийж чадахаасаа энэ хоёр залуу өнгөрсөн байна, хоцрогдсон байна, гологдож байна, голгүй байна. Одоо зүгээр л явчих тэгэх үү? Чадлаараа зүтгэдэг хэдэн тамирчинтай минь нэг л их хувцсаараа ижилдсэн хүмүүс, сэтгэлээрээ ижилдэх чинь яасан юм бэээээ гэж асуумаар байна. гэжээ

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.