| | USD/MNT 0₮

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Монгол хэл, бичгийн дахин шалгалтын бүртгэл 2024 оны долдугаар сарын 29-нд эхэлсэн. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар өнөөдөр /2024.08.10/ өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл, бичгийн шалгалт” 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 10:00-11:40 цагт зохион байгуулагдсан. Тус шалгалтын дүн 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарч Боловсролын үнэлгээний төвийн цахим системд байршсан ч, зарим сурагчийн зүгээс шалгалтын дүнд санал нийлэхгүй гэх асуудал үүссэн.

Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр 5300 гаруй сурагч “Монгол хэл, бичгийн шалгалт”-д тэнцээгүй бөгөөд шалгалтын дүнгээ шалгуулах, дахин шалгалт өгөх хүсэлтээ өгөхөөр Боловсролын үнэлгээний төвийн байранд дугаарлаж байсан билээ.

Боловсролын үнэлгээний төвийн, элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал "Энэ удаагийн “Монгол хэл, бичгийн шалгалт”-д нийт шалгуулагчдын 16.2 хувь буюу 5389 сурагч босго оноогоо хангаж чадаагүй. Бүх сурагч дахин шалгалтад орох байх гэж бодож байна. Сурагчдын хувьд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ч шалгалтдаа ирдэггүй тохиолдол их байдаг учир сурагчид заавал өөрсдөө бүртгүүлэх шаардлага тулгардаг" гэв.

Эдгээр хүүхэд наймдугаар сарын 17-нд дахин шалгалтад хамрагдах юм.

 Эх сурвалж: News.mn 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.