| | USD/MNT 0₮
Өвөрхангай аймгийн “Миний мөрөн” ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар өнөөдөр /2024.08.09/ хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэд, “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн далангийн ус Орхон голын цутгалд нийлснээс болж энэ сарын 2-ны өдрөөс эхлэн улаан шавраар урсаж эхэлсэн байгаа. Үүнээс шалтгаалан Монгол орны найман аймгийн 53 сумаар дамжин урсдаг 1413 км урттай томоохон гол аюулд өртөөд байна. Үүнийг МУ-ын Байгаль орчны яам яагаад анхааралдаа авч ажиллахгүй байна вэ гэдэг асуудлыг уламжлан хүргэж байна. Уг уснаас болж гол мөрний загас үхэж байна. Үхсэн загас их харагдаж байна. Мөн голын ай саваар нутаглаж байгаа хүн, амьтан ундны усгүй болоод удаж байна” гэв.