| | USD/MNT 0₮

Улс нь хөсөр хаяж, хувийн хэвшлийнхэнд эзлүүлсэн “Урт цагаан”-ыг яах вэ

 

“Урт цагаан” бол нийслэлийн өмч юм. Нийслэлийн өмчийн III байр гэх албан ёсны нэртэй. Тэнд уран дархан, хувцас засвар, ломбард, гутал засвар, нүдний шилний газар, цаг засвар, цайны газар гээд дээр үеийн ахуйн үйлчилгээ үлджээ.

“Урт цагаан”-ы түүхийг сөхвөл, тэртээ 1962 онд тухайн үеийн үйлдвэрлэгч хоршоологчдын хөрөнгөөр улсаас нэг ч төгрөг гаргаж, нэг ч хадаас оруулалгүй хотын төвд өнгөө нэмж баригдсан барилга юм. Монголын анхны ахуйн үйлчилгээний төвүүдийн нэг гэх.

Байгуулагдсан цагаасаа хойш  700-1000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Одоо ч тэнд Монголын нарийн нандин ур хийцтэй уран дарханчууд, оёдолчдын бүтээл үйлдвэрлэгдэж байгаа.

Харин1991 онд ардчилал гарч, нийгэм задрах үед хоршоологчдын зөвлөл татан буугдснаар энэ байр хариуцах эзэнгүй болж, төр өөрийн мэдэлдээ авчээ.

1998 онд эзэнгүй болсон Урт цагааныг харж хандах хүнгүй болж, нохой шувууны үүр, архичдын орогнох орон болсон үед Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад хэсэг бүлэг хүмүүс нийлж нэгдэж, Урт цагааныг дахин өнгө төрхийг нь сэргээж, олонд танигдсан аж ахуй үйлчилгээг сайжруулж хийснээр гэртээ ажилгүй орлогогүй гар урчууд эргэн нэгдэж, ажлын байртай болжээ.

Гэхдээ хотын А хэсэг буюу Жуулчны гудамжинд байрлах энэ байрыг гаднаас нь харахад өнгө үзэмж ямар харагдах нь илт. Ноорхой салбархай байдал гаднах ханууд нь нурчихсан, дээр элдэв янзын эрээн мяраан рекламын самбаруудыг олноор байршуулж, цахилгааны утас нь эмх замбараагүй явчихсан байх жишээний. Энд юм бүхний үйлчилгээ байна. Тэр ч бүү хэл сэкс шофийн дэлгүүр ч ажиллаж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн гурван удаагийн акт гарсан байдаг. Гэвч буулгадаггүй, нураадаггүй энэ байранд ажиллаж байгаа ажилчдын хувьд үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд ч айдастай байдаг гэнэ.

Учир нь нэг л өдөр дээрээс хана тааз нь нурж унах аюултай. Зундаа бол борооны дусаал байнга дусдаг, цахилгаан тог нь ч асуудалтай байдаг талаар түрээслэгчид ярьж байсан юм. Хүн дарагдахгүй бэртэхгүй гэсэн баталгаа байхгүй. Борооны дусаалд ч ажлаа хийх нь хэвийн үзэгдэл гэх.

“Амно” компани Нийслэлээс 3 тэрбум төгрөг нэхдэг

Нийслэл яагаад энэ байраа өмчилж байж, өнгө зүсийг нь сайжруулдаггүй юм бэ. Өнөөдөр төлбөрийн маргаан болон хөрөнгө мөнгөний асуудлаас болж Урт цагааны асуудал ацын шалаанд орсон байдалтай байна.

Хариуцах эзэнгүй гэх ч хувийн хэвшлийнхэн өөрсдөө хувийн хөрөнгө оруулалт хийж өнөөдрийг хүртэл “амь” голтой авч ирсэн гэх.

Урт цагааныг босгож ирэхэд 33 компани буюу аж ахуйн нэгж хөрөнгө оруулж, засвар үйлчилгээ хийж, өнгө үзэмжийг нь нэмж, үйл ажиллагаагаа явуулж иржээ. Зарим нь 20 сая, 30 сая, 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Тэгвэл эдгээр аж ахуй нэгж, компаниуд шантааж хийж, хувьчил гэж шахаж шаарддаг байна. Эс бөгөөс хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө одоо үеийн ханшаар бодуулж авна гэж дарамталдаг аж.

Тодруулбал, “Амно” гэх компани 2001 онд “Урт цагаан”ы гадна болон дотор талыг 100 гаруй сая төгрөгөөр засварласан нь үнэн юм байна. Хэрвээ хувьчлахгүй, хувийн хөрөнгө оруулалт оруулахгүй бол одооны ханшаар бодож байна гээд төрөөс гурван тэрбум төгрөг нэхдэг байна. Уг нь 30 аж ахуй нэгж нийлж засварласан бөгөөд нийтдээ 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө зарцуулсан гэх. Төр буюу Нийслэлийн өмчийн харилцааны газраас дээрх мөнгийг гаргаж өгөх чадвар боломж байхгүй.

Давхар түрээслүүлж ашиг хонжоо олдог ААН-үүд

Анх үйлчилгээ явуулж эхэлсэн доорх аж ахуйн нэгжүүд нь НИТХ-аас тогтоосон тогтоолоо зөрчиж түрээслэгчдэд давхардуулж дамлаж түрээслүүлж ашиг хонжоо олж иржээ. Өөрөөр хэлбэл, зарим аж ахуйн нэгж нь өөрийн мэдлийн талбайгаа бусдад өндөр үнээр түрээслэдэг байна.

Тухайбал, нийслэлээс метр квадратыг нь 9000 мянган төгрөгөөр түрээслэх гэрээтэй аж. Гэрээнд заасан түрээсийн мөнгөө 10 нугалж бусдад дамлаж түрээслэдэг гэсэн баримт ч байдаг. Уг нь бол гэрээнд зааснаар дамжуулан болон дамлан түрээслэхийг хориглох заалттай аж.

Гэтэл нэгээс нэг хүн дамжуулаад 10 хүртэлх хүнд дамлаж түрээслэсэн тохиолдол байгаа юм.

Наран талдаа байрлалтай жижиг өрөө бол сарын 400-800 мянгын ханштай. Жижигхэн умгар нэг хүний тасалгаа ширээ сандал нь сардаа 250 мянган төгрөг гэнэ.

Дөрвүүлээ нийлээд дөрвөн ширээ түрээслээд суух бол түрээс тодорхой хувиар нэмэгдэнэ. Алт мөнгөний дарханчууд орлого багатай үед ажилгүй нэгэндээ ширээгээ өглөө, үдээс хойш гэсэн маягаар түрээслүүлж сарын төлбөрөө хувааж хийдэг талаараа ч ярив.

Өнгөрсөн баасан гарагт Урт цагаанаар орлоо. Түрээслэгчдын хувьд давхар түрээслэдэг болохоор янз бүрийн зүйл ярих дургүй гэнэ.

Цүнх засварладаг иргэн Б “Би энэ өрөөндөө ганцаараа түрээслэдэг. Яг энэ хэсгийн эзэн компани хэн гэдгийг мэдэхгүй. Хүнээр дамжуулж ийм газар олсон. Сардаа 400 мянган төгрөгийн түрээс төлдөг” гэв.

Алт мөнгөний дархан “Түрээс янз бүрийн үнэ ханштай байдаг. Гэхдээ одоо энд талбай түрээслээд ашиггүй. Удахгүй нурах гэж байгаа барилга. Бид хоёрын хувьд сардаа 250 мянган төгрөг өгдөг. Гэхдээ наран талдаа биш болохоор тийм үнэтэй. Магадгүй өвөл болохоор үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Ер нь бол дамлаж түрээслэдэг хүмүүс 50-100 мянган төгрөг нэмээд түрээслүүдэг” гэлээ.

Гадаа талбайд цаг засварлаж, зай сольдог эгч “Би гадаа суудаг болохоор түрээс өгдөггүй. Өвөл болохоор дотогшоо орчихдог юм. Ер нь манай Урт цагаан жаахан явцгүй болоод байгаа. Нурааж шинэ барилга барихыг нь хүлээж байна” гэв.

Хийж байгаа үйлчилгээнээсээ хамаараад өөр өөрийн гэсэн үнэ ханштай аж. Тодруулбал, алт мөнгөний дарханчууд 9000 төгрөгөөр түрээслэдэг бол цайны газар 5000 төгрөг байснаас одоо 8000 төгрөг болжээ.

Гэтэл метр квдрат нь 9000 төгрөг төлдөг түрээсийг 400-800 мянга болтлоо өсгөж, цавчаа нэрээр ашиг хонжоо олох нь ариун явдал уу. Тиймээс иймэрхүү хууль бус үйлдэлтэй нь тэмцэх цаг нь болжээ.

Төр нь түрээслэгчидтэйгээ ойлголцож чадвал асуудал байхгүй

“Урт цагаан”-ы менежерийн ярьж буйгаар “Давхар түрээслэдэг гэх яриа байдаг ч нотлогдоогүй зүйл. Шүүхээр маргаан үүсгэж яваад ч нотлогдсон зүйл байхгүй. Яг цагаа тулахаар бүгд арьсаа хамгаалдаг. Гэхдээ тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэрээнд зааснаар бол давхар түрээслүүлсэн бол доорх 30 аж ахуй нэгжийн гэрээг цуцлах ёстой. Гэвч энэ компаниуд дийлдэхгүй.

Цаашид “Урт цагаан”-ыг яг яах вэ гэхээр эдгээр компаниудыг татан буулгах, эсвэл “Урт цагаан”-аа буулгаж, нийслэл шинэ барилга барьж, энэ өдрийн хоолоо олж байгаа түрээслэгчдэд эзэмшүүлж, ажлын байраар нь хангах ёстой” гэв.

Үйлчилгээ явуулдаг компаниудын төлөөлөл “Энд 30 аж ахуйн нэгж, компаниуд хүмүүсийг шулаад байгаа юм шиг ойлголт дандаа төрүүлдэг. Тодорхой хэмжээний ажил үйлчилгээ явагдаж байгаа биз дээ. Энэ хүмүүс ажлаа хийгээд тодорхой хэмжээний орлогоо олоод түрээсээ төлөөд явдаг. Бид ямар цалинжуулж чадах биш дээ” гэж ундууцав.

"Урт цагаан"-д эзэн суусан 30 аж ахуйн нэгжтэй танилц

“Урт цагаан”-ыг 2005 онд хувийн хөрөнгө оруулалтыг зогсооно гэж төр засгаас мэдэгджээ. Дахиж хөрөнгө оруулалт хийлгэхгүй гэжээ. Хөрөнгө оруулалтын гэрээ хийж, хувийн хөрөнгө оруулалтаар ийм өнгө үзэмжтэй болгосон нь мөн гэсэн гэрчилгээг доорх аж ахуйн нэгжүүд авчээ.

Уг нь хотын захиргаанаас 12 давхар барилга барьж, тэгээд нэг давхрыг нь эзэмшүүлж, түрээслүүлнэ гэдэг ч энэ асуудал нь шийдэгдэлгүй шүүхээр маргаж явсаар өнөөдөртэй золгов.

Ингээд 30 аж ахуйн нэгжийн нэрстэй танилц.

  1. Урт цагаан
  2. Угалзат дархан
  3. Үнэнч
  4. Морьтгүрэн
  5. СООЦ
  6. ХӨМ
  7. Бэсгэ
  8. Нарлаг тал
  9. Ситиколор
  10. Эдванс
  11. Ти-Энд-Жи
  12. Дэгжих-1
  13. Вүүдмэн
  14. Шөт шоп
  15. Эж-Эрдэнэ
  16. Иргэн Санж
  17. Борогчин трейд
  18. Ё.Мэндбаяр
  19. Идиал групп
  20. Алаг даага ХХК
  21. Нью трейд
  22. Дэгжих-2
  23. МҮХТолбоо
  24. Хар чонот
  25. Иргэн Болд
  26. Анома
  27. МБ Тэмүүлэл
  28. Иргэн Саранцэцэг
  29. Иргэн Туяацэцэг
  30. БТСХороо

Дахин хэлье, эдгээр 30 аж ахуйн нэгж бүгд цаанаа дам түрээслэгч нартай. Гэтэл Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээнд зааснаар бол “Түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн эд хөрөнгийг дамжуулан түрээслүүлэх, хамтран түрээслэх бол Нийслэлийн Өмчийн харилцааныгазраас зөвшөөрөл авна” гэж бий.

Өнгөрсөн хугацаанд буюу 2006 оноос хойш зөвшөөрөл авч байсан аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Тэгсэн хэрнээ Нийслэлээс газрын түрээс, дулаан, халуун хүйтэн ус, хогны мөнгө бүгдийг нь төлөөд өгчихнө. Үнэндээ тэр мөнгө татвар төлөгч биднээс л гарч байгаа хэрэг. Яагаад ийм алдангитай гэрээг Нийслэл хийж ирэв гэдэг асуулт байна.

Цаашдаа энэ газрыг яах вэ. Гурван удаагийн мэргэжлийн хяналтын газрын ашиглах боломжгүй гэсэн акт гарчихаад байхад түрээслэгчид буюу дээрх 30 аж ахуйн нэгж компанийн эздэд нь эз дийлээд аваад үлдсэн мэт харагдана.

Хөрөнгө оруулж өдий зэрэгтэй авч ирсэн гэдэгтээ тэд нүүр бардам байдаг юм байна. Гэвч нийслэл өмчөө хөсөр хаяж, хөрөнгө мөнгөгүйгээс болж өнөөдөр 30 аж ахуй нэгжид дарамтлуулсаар байх юмуу. Эсвэл өнгийг нь сэргээж, үйл ажиллагааг нь сайжруулж засан сайжруулах уу, бүр нурааж, шинэ барилга барих уу гэдгээ улс шийдвэрлэх цаг нь болжээ.

 

О.Гал 

 

“Урт цагаан”-ы түүхийг сөхвөл, тэртээ 1962 онд тухайн үеийн үйлдвэрлэгч хоршоологчдын хөрөнгөөр улсаас нэг ч төгрөг гаргаж, нэг ч хадаас оруулалгүй хотын төвд өнгөө нэмж баригдсан барилга юм. Монголын анхны ахуйн үйлчилгээний төвүүдийн нэг гэх.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.