| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: ПАРИСЫН ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТЭХ МАГАДЛАЛТАЙ МОНГОЛ ТАМИРЧИД

Монголын багийн медалийн найдварууд

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчныг олимпын медальд ойрхон иржээ гэж дүгнэж болно. Парисыг зорьсон Монголын багийн тухайд дэлхийн медальтай 13 тамирчин байна. Бүгд л олимпын медалийн төлөө өрсөлдөх боломжтой. 

Гэхдээ мэдээж дэлхийн шилдгүүд хуран чуулсан олимпын наадмаас медаль шүүрнэ гэдэг амаргүй. Гадаад, дотоодын спортын сэтгүүлчид, мэргэжилтнүүд монголчууд энэ олимпоос 3-4 медаль авна гэсэн таамаг дэвшүүлсэн нь үнэнд нэлээн дөхөж очно.

Парисын олимпоос медаль хүртэх магадлалтай монгол тамирчдыг танилцуулья.

Д.Отгонжаргал (чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 50 кг)

АНУ-ын алдарт Sports Illustrated хэвлэл Д.Отгонжаргалыг энэ олимпоос мөнгөн медаль хүртэнэ гэж таамагласан.

Сүүлийн гурван ДАШТ-ээс дараалж медаль авсан болохоор олимпын медальтны эгнээнд оруулж таамаглахаас ч аргагүй. Манай тамирчин өдгөө дэлхийн чансааны дэд байрт бичигдэж байна. 

Б.Баасанхүү (жүдо бөх, эмэгтэйчүүдийн 48 кг)

Жүдо бөхийн хамгийн хөнгөн жинд зодоглох Б.Баасанхүү тун сайн формтойгоор Парист ирээд байна. Тэрбээр энэ жил дөрөвдүгээр сард Хонконгод болсон Азийн АШТ-д түрүүлээд үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа ДАШТ-д аваргалсан. 

Сүүлийн үеийн сайн формоос гадна тун боломжийн сугалаа татсан зэргээс харвал Б.Баасанхүү энэ олимпод нэгийг дуулгах болов уу. 

Sports Illustrated түүнийг хүрэл медалийн тавцанд зогсоно гэж таамагласан байна лээ.

Л.Энхрийлэн (жүдо бөх, эмэгтэйчүүдийн 57 кг)

2022, 2023 оны ДАШТ-ээс хүрэл медаль дараалж хүртсэн манай бөх энэ олимпод медалийн тавцанд гарах том зорилго өвөрлөн ирсэн. Гэхдээ сугалаа тун эвгүй таарсныг мартаж болохгүй. 

Манай бөх жингийнхэн дундаа нэлээд бяртайд тооцогдоно. Мөн хийгүй, нягт барилдаанаараа ялгардаг. Үндсэн барилдаанаа гаргаж чадвал хэнийг ч ялах боломж түүнд бий.

Э.Ариунболд (жүдо бөх, эрэгтэйчүүдийн 60 кг)

Эрэгтэйчүүдийн 60 кг бол монгол жүдочдын амжилт гаргадаг уламжлалт жин. Д.Баттулга, Д.Нармандах, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарыг залган 60 кг-д амжилттай барилдаж яваа бөх бол Э.Ариунболд. Тэрбээр 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, өнгөрсөн жил Азийн наадмаас хүрэл медальтай ирсэн. IJF-ийн цувралуудаас бүгдээс нь медаль хүртсэн түүний хувьд олимпын медаль л дутуу байна. 

Б.Хулан (чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 53 кг)

Манай бөх 2022 оны ДАШТ-д олон сайн тамирчныг мултлан финалд шалгарснаар дэлхийн хэмжээний бөх болсноо харуулсан. Түүний жинд дотоодын өрсөлдөөн ширүүн болохоор тэр хэрээр хурдан сайжирч байгаа. 

Гэхдээ тэрбээр дэлхийн чансаанд хойгуур бичигдэж байгаа болохоор хэсэг толгойлохгүй, нэгийн даваанаас шууд томчуудтай таарах магадлалтай. Тиймээс олимпын медальд хүрэх эсэх нь сугалааны байдлаас ихээхэн шалтгаалах болов уу. 

Ё.Басхүү (жүдо бөх, эрэгтэйчүүдийн 66 кг)

Гарын бүл сайтай, хийгүй нягт барилддаг Ё.Басхүү Токиогийн олимпод анх удаа ороод шагналт 7-р байр эзэлсэн. Харин энэ удаа илүү туршлагатай болсон манай бөх медаль авах магадлалтай бөхчүүдийн тоонд гарцаагүй орно. 

ДАШТ-ээс хүртсэн хос хүрэл медалиа олимпын медальтай ихэрлүүлэх эсэхийг харахад хоёрхон хоног үлджээ. 

Т.Тулга (чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 65 кг)

Тэрбээр 2021 онд Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийд данслагдсан бол өнгөрсөн жил Азийн наадамд түрүүлж, ямар их сайжирснаа харуулсан. Одоо хоёр дахь олимпдоо медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл юугаа базаагаад байна. 

М.Лхагвагэрэл (чөлөөт бөх, эрэгтэйчүүдийн 125 кг)

Тэрбээр Токиогийн олимпод сайн барилдаж, 5-р байт орсон бол үүнээс хойш ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж, Азийн АШТ-д түрүүлээд байна. 

Э.Дэлгэрмаа (чөлөөт бөх, эмэгтэйчүүдийн 68 кг) 

Sports Illustrated-ээс медаль хүртэх магадлалтай Монголын таван тамирчныг нэрлэсний нэг нь Э.Дэлгэрмаа. 

Тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д үзүүрлэсэн бөгөөд Азийн АШТ-ээс 1 мөнгө, 3 хүрэл, Азийн наадмаас 1 хүрэл медаль хүртэж байв.

М.Анхцэцэг (хүндийн өргөлт, эмэгтэйчүүдийн 81 кг)

Өмнөх олимпод медалийн оосроос атгаад алдсан М.Анхцэцэг энэ удаа дутуугаа нөхөхийг зорих нь дамжиггүй. Түүний хувьд олимпоос хойш ДАШТ-д нэг түрүүлж, нэг үзүүрлээд байгаа билээ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.