| | USD/MNT 0₮
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны эхнээс хэрэгжиж байна. Үүний дагуу манай улс тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаас орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдсэн юм.
Оны эхний таван сарын байдлаар 700 мянга орчим даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болсон талаар НДЕГ-ын дарга Л.Мөнхзул мэдээллээ. Түүний хэлснээр нэг даатгуулагчид дунджаар 300 мянган төгрөг хуримтлагдаад байна. Оны эцэст дээрх мөнгөн дүн хоёр дахин үржигдэнэ гэв. Энэхүү бодит мөнгөн хуримтлал нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөжөөр цаашид өсөөд явна гэдгийг онцлов.
Энэ талаар мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
НДЕГ нь 60.000 ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500,000 тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300,000 даатгуулагчид тэтгэмж олгож байна.