| | USD/MNT 0₮
Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 2475 төгрөг байсныг 3000 төгрөг, 24 цагийн цэцэрлэгийн өдрийн хоолны мөнгө 3600 төгрөг байсныг 4100 болгож нэмсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилээс энэ мөнгөнөөс эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр хэлэлцэх гэнэ.
Боловсролын сайд П.Наранбаяр анхны шуурхай хурлаа зарлан хуралдсан байна. Уг хурлаар боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгожээ.
Үүнд цэцэрлэгийн хоолны зардлын асуудал багтсан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оны зургадугаар сарын 2-ны хуралдаанаар сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, дотуур байранд амьдарч байгаа гээд 1 сая гаруй хүүхдийн хоолны зардалд жил бүр 220 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Цаашид үе шаттайгаар хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр зорьж байгааг албаныхан онцолж байв.
Монголд сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна.
Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд асан Л.Энх-Амгалан өмнө нь мэдээлэл хийхдээ “2013 он хүртэл цэцэрлэгийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс нь авч байсан юм. Харин үүний дараагаар улс төрийн зорилгоор төрөөс 100 хувь даахаар болсон. Гэтэл төрөөс гаргаж байгаа зардал нь хүүхдэд хангалттай хэмжээний илчлэг өгдөггүй. Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхээс гаргуулах зайлшгүй шаардлагатай байна” гэдгийг онцолж байв.