| | USD/MNT 0₮
Анхан шатны шүүхээс 4.9 жилийн ял аваад буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
Н.Өнөрцэцэгийн ээж “Миний охиныг сошиалоор маш их тавалж байна. “Жангаа идээд яв” гэж загнаж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Шүүх зөв шүүгээсэй л гэж хүлээж байсан. Гэтэл охиныг минь энэ сарын 19-ны орой бариад хорьчихсон. Үүнд би их шаналж, гомдож явна” гэлээ.
Харин Н.Өнөрцэцэгийн эгч “Шүүх хурлаа хаалттай, өмгөөлөгчгүй явуулаад манай дүүг хэлмэгдүүлчихлээ. Энэ хэлмэгдүүлэлтээ зогсоо. Бид малчин ард, иргэд болохоор дээрэлхээд байгаа юм уу” гэлээ.
Н.Өнөрцэцэгийн ах “Хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан. Тиймээс давж заалдах шатны шүүх үнэн, зөв шийдээсэй гэж хүсэж Төрийн гурван өндөрлөгт хандаж байна. Төрийн нууц нь Х Богдтой холбоотой юу гэж сая сэтгүүлч асууж байна. Энэ бол харлуулах л ойлголт. Энэ асуудлыг Өнөрөө өөрөө ч мэдэхгүй, бид ч мэдэхгүй" гэв.
Мөн Н.Өнөрцэцэгийн дүү “Төрийн нууцад хамаарах мэдээллийг хэн өгсөн бэ гэдгийг хүмүүс мэдэхийг хүсэж байна. Сэтгүүлчид ихэнх нь мэдэж байгаа. Энэ хүнийг би хэлчихье гэж бодож байна. Тэр хүн бол БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ, одоо УИХ-ын гишүүн. Төрийн нууцад хадгалж байх мэдээллээ сэтгүүлчид дамжуулчхаад өөрөө ялгүй үлдэж, манай эгч ялтан болж байгаа юм бэ. Төрийн нууц гэх мэдээлэл нь "Зариг.мн" сайтын менежерийн автомашинаас олдсон" гэлээ.