| | USD/MNT 0₮
Эрүүл мэндийн сайдын тушаалаар жил бүрийн долдугаар сарын гурав дахь долоо хоногоос тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцин хийж эхэлдэг. Энэ жилийн хувьд 07 сарын 5-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл хийх юм. Вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой юм.
Тарваган тахлын вакцинжуулалтын улмаас сөрөг хариу урвал илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт шуурхай албаны дарга Л.Роломжаваас тодрууллаа. Тэрбээр "2015 оноос хойш Казахстан улсад үйлдвэрлэсэн, арьсан дээр зурж хэрэглэдэг вакцин хэрэглэж ирсэн. 2023 оноос ОХУ-д үйлдвэрлэсэн тарваган тахлын вакцин хийж байна. Энэ нь арьсан дээр зурж хэрэглэж, арьсан доор хэрэглэх, арьсан дотор хэрэглэх гэсэн гурван янзын заалттай. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд арьсан дээр зурж хэрэглэх тунгаар арьсан дотор вакцин хийсэн тохиолдол гарсан. Вакцин хийсэн эмч нь маш яаралтай мэдээлж, хариу арга хэмжээ авсан. Мөн Баянзүрх дүүргийн эмнэлэгт вакцин хийлгэсэн хүнд сөрөг хариу урвал илэрсэн тохиолдол гарсан. Гэхдээ тунгийн алдагдсан хэмжээ гараагүй. Ямар ч вакцин хийлгэсний дараа дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл тохиолддог. Халуурах, толгой өвдөх, хэсэг газар улайх, хавдах тохиолдол бий. Энэ шинж тэмдэг гарсан. Тиймээс хүсэлтээр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" гэлээ.