| | USD/MNT 0₮

Төрийн тахилгат Бурхан буудай уулыг анх удаа тахилаа

Бурхан буудай уулын тахилга долоодугаар сарын 20 буюу өчигдөр боллоо. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан буудай хайрхныг төрийн тахилгатай болгож, анх удаа тахих ёслолыг анх удаа долоодугаар сарын 20-ны өдөр хийлээ. Анх 2018 онд Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Т.Ганзориг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт төрийн тахилгатай болгох тухай хүсэлт өгч байсны дагуу ийнхүү төрийн тахилгатай болгож тахих ёслолыг өнөө жил зохион байгууллаа. Хайрхан тахих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Наро банчин гэгээнтэн тэргүүтэй албаныхан оролцжээ. 

Бурхан буудай уул нь

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нэлээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.

Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтдыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласнаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг. Мөн Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхтэй ажээ. 

 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.