| | USD/MNT 0₮
НМХГ-аас Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй бээлий нийлүүлсэн зөрчил илэрсэн байдаг. Нийлүүлэгч болох “Чоногол трейд” ХХК-д хариуцлага тооцох тухай шийтгэврийг НМХГ-аас гаргасан тухай 2019 оны тавдугаар сард хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв.
“Чоногол трейд” ХХК нь Малайз улсын “Топ глови” компаниас нэг удаагийн үзлэгийн бээлийг нийлүүлэхээр тендерт шалгарсан. Гэвч НМХГ-ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шалгалтаар 40 хайрцаг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй бүтээгдэхүүн байжээ. Улсын байцаагч уг шийтгэврийг “Чоногол трейд” ХХК-д оногдуулах ёстой ч ажилтанд нь оногдуулж хууль зөрчсөн юм.
Байгууллагын гаргасан зөрчлийг ажилтанд нь үүрүүлж шийтгэв
НМХГ-ын Эм био бэлдмэлийн улсын байцаагч Г.Номин нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0141878 тоот шийтгэлийн хуудсаар “Чоногол трейд” ХХК-д хяналт шалгалт хийж илрүүлсэн зөрчилд тухайн аж ахуй нэгжид хариуцлага тооцох байсан ч тус компанийн Эм зүйч Э.Даринчулуунийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгожээ. Гэтэл уг шийтгэлийг Э.Даринчулуун огт мэдээгүй, жирэмсний амралтаа авсан байв.
Улсын байцаагчийн олж тогтоосон зөрчил нь хуульд нийцэж байна уу?
Улсын байцаагч Г.Номин нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг баримталж шийтгэвэр оногдуулжээ. Уг зүйл заалтад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зөрчих” гэж байдаг. Үүний 4.1-д ”Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл чанарын баталгаажуулалтгүй, эсхүл хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээр үйлчилсэн бол…..зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Зөрчил тооцсон “Чоногол трейд” ХХК-ийн ажилтан өөрийгөө торгуулж шийтгүүлсэнээ ч мэдээгүй, компанийн холбогдох удирдлагууд ажилтандаа бурууг тохож өөрсдөө торгуулийг төлсөн байв.
Үүнийг тус компанийн менежер н.Баяржаргалтай утсаар холбогдтол хэлэв.
“Чоногол трейд” ХХК хүсэлт гаргаж түүнийг нь УЛСЫН БАЙЦААГЧ ХАНГАСАН
Улсын байцаагч “Чоногол трейд” ХХК-ийн тендерт нийлүүлсэн барааны зөрчилд эм зүйч Э.Даринчулууныг шийтгэсэн боловч “Чоногол трейд” ХХК-иас уг шийтгэврийн нөхөн олговрын хувь хэмжээг бууруулж өгөхийг хүсч НМХГ-т доорхи хүсэлтийг хаяглажээ. Улсын байцаагч хуульд байхгүй үндэслэлээр хүсэлтийг хангасан байв.
Зөрчлийн хуулиар иргэнд бага, аж ахуй нэгжид түүнээс 10 дахин өндөр торгууль ногдуулдаг. Торгуульж шийтгүүлж байгаа нь ажилтан Э.Даринчулуун байтал компани яагаад хүсэлт гаргав. Мөн шийтгэлийн төлбөрийг ажилтандаа мэдэгдэлгүй төлөх болов.
Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд зааснаар ажлаа хийсэн үү?
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу холбогдогч Э.Даринчулуунаас мэдүүлэг авч тухайн үйл явдлын шалтгаант холбоог тогтоох буюу тухайн бараа бүтээгдэхүүн Э.Даринчулууных мөн эсэхийг нотлох үүрэгтэй байв,
Эрх бүхий албан тушаалтны нотолвол зохих үүрэгт хил, гаалиар бараа бүтээгдэхүүн орж ирэхдээ Э.Даринчулууны нэр дээр орж ирсэн эсэхийг тодруулах,
Нэгэнт зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд зөрчил бүхий бараа бүтээгдэхүүнийг хураан авч улсын орлого болгох,
“Чоногол трейд” ХХК-иас 2019.05.13-ны өдөр зөрчилтэй холбогдон гарах төлбөрийг олсон ашгаар тооцож өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу 2.195.740.11 төгрөгийг хохирлын төлбөрт тооцож шийтгэсэн нь зөрчлийн тухай хуульд байхгүй үйлдэл болжээ. Өөрөөр хэлбэл Э.Даринчулууны улсад учруулсан хохирлыг тооцохдоо “Чоногол трейд” ХХК-ийн хүсэлтийн дагуу тэдний тоо хэмжээгээр тогтоосон байна. Улсад учирсан хохирлыг хувь хүнээр төлүүлэхдээ “Чоногол трейт” ХХК-ийн хүсэлтийг үндэслэсэн байгаа нь Улсын байцаагч Г.Номин нь хувийн компанийн эрх ашгийн төлөө ажилласан гэх хардалтыг үүсгэж байна.
Хуулийн этгээдээр улсын тендерт оролцсон гэдгийг мэдсээр байж иргэнийг торгосон эрх бүхий албан тушаалтан нь Эрүүгийн хуулийн 22.1.1 дэх хэсэгт байх “…нийтийн албан тушаалтан нь бусдад болон өөртөө давуу байдал олох зорилгоор….албаны эрх ашиг сонирхлын эсрэг үйлдэл үйлдсэн бол …”гэснийг зөрчсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага ногдуулах зохицуулалттай.
Дээрхи асуудлын дагуу тодруулахаар Улсын байцаагч Г.Номинтой утсаар холбогдов.
-Сайн байна уу. Г.Номин байцаагч уу?
-Тийм байна.
-Туг.мн мэдээллийн сайтаас сэтгүүлч Б.Ариунтуул холбогдож байна.
-Аан за.
-Бид 2019.05.13-ны өдөр таны бичсэн “Чоногол трейд” ХХК-ийн ажилтан Э.Даринчулуунд оногдуулсан шийтгэх хуудастай холбоотой асуудлаар холбогдож байна. Бид таныг ар гэрийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг албаны дарга Д.Цэнд-Аюушаас мэдсэн. Уг асуудлаар хуулийн хэлтсээс лавлахад танийг өнөөдрөөс ажилдаа ирсэн, өөрөөс нь лавла гэв.
-Тийм ээ. Би хуулийн хэлтсээс сонссон. Прокурор, хэлтсийн дарга зэрэг холбогдох хүмүүс шалгаж хянаад хэрэг дууссан. Тиймээс энэ асуудлаар ярилцлага өгмөөргүй байна.
-Тэгэхээр “Чоногол трейд” ХХК-ийн Эм зүйч Э.Даринчулуун нь тендерт оролцох эрхтэй этгээд биш шүү дээ. Тендерийн тухай хуулиар зөвхөн аж ахуй нэгж л тендерт оролцох боломжтой. Та үүнийг мэдэх байх?
-Тухайн ажилтан ажлын байрныхаа чиг үүргийн хүрээнд тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалж, хүлээн авах эрх, үүрэгтэй. Тэгээд ч хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг шалгах ёстойг ажлын байрны тодорхойлолтдоо дурьдсан байсан. Түүний дагуу зөрчлийн хэрэг нээгээд арга хэмжээ авсан.
-Та тендерт нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнээс зөрчил олж тогтоосон. Эм зүйч Э.Даринчулуун нь тендерт бараа нийлүүлэгч биш. Байгууллага дотоод журмаараа дотогш чиглэсэн зохицуулалт хийнэ. Харин та түүнийг нь баримталж ажилтанд арга хэмжээ авсан хэрэг үү? Та байгууллагын нийлүүлсэн бүтээгдэхүүнээс зөрчил үүсгэсэн ш дээ.
-Би тухайн байгууллагын дотоод журам, бусад холбогдох нотлох баримтад тулгуурлан зөрчлийн хэрэг үүсгэсэн. Шийтгэл ногдуулсан зүйл заалтад ганцхан байгууллагыг торгоно гэсэн заалт байхгүй. Үүнийг Хяналтын прокурор хянасан.
-“Чоногол трейд” ХХК-иас НМХГ-т шийтгэх хуудас үйлдэх өдөр “бүтээгдэхүүн хилээр оруулж ирэхдээ татвар болоод бусад татаасыг өгсөн. Тиймээс уг 40 хайрцаг бүтээгдэхүүнээс олох ёстой байсан ашгийн хэмжээтэй дүйцүүлэн шийтгэл оногдуулахыг хүсэж 21419А гэх хүсэлт өгсөн байсан. Та тэдний хүсэлтийг хуулинд огт заагдаагүй үндэслэлээр хангасан юм биш үү?
-Байгууллагын хүсэлтийн дагуу биш. Би холбогдох нотлох баримтаа “Чоногол трейд” ХХК-иас шаардаж авсан.
-Эм зүйч Э.Даринчулуун нь уг бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй этгээд биш шүү дээ. Тэгээд ч Э.Даринчулуун нь таны шийтгэврийг огт мэдээгүй байна. Та торгож байгаа этгээдтэй уулзаагүй юм байна ш дээ.
-Надад “Чоногол трейд” ХХК-д ямар ч ашиг сонирхол байхгүй. Бараг жилийн өмнөх асуудал яригдаж байна.
-Хэргийг хэн гэх прокурор хянав?
-Прокурорын байгууллагаас лавла. Би прокурорын нэр усыг хэлж болох эсэхийг мэдэхгүй байна… гэсээр ярилцлага өндөрлөв. Хэдий бээлийний асуудал яригдаж байгаа ч эм, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниуд тендерт оролцсон тухайн бүтээгдэхүүнээ бус арай хямд үнээр “дуураймал” бүтээгдэхүүн нийлүүлдэг зөрчил гаргах нь хүний эрүүл мэнд, ам насаар хэмжигдэх төлөөстэй. Тиймээс ч мэргэжлийн хяналтын байгууллагаас хянадаг. Харин хянах ёстой мэргэжлийн байгууллагууд хянуулж буй этгээдтэй үгсэн хуйвалдаж хуулиа зөрчсөөр байх уу?
Иргэдийн хуулийн мэдлэг дутмагийг ашиглаж байгууллага нь өөрсдөд ногдуулах шийтгэл, асуудлыг ажилтанд тохсон хууль бус үйлдлийн ганцхан жишээ энэ. Хуулиар чиг баримжаа хийж улсын нэрийн өмнөөс хууль сахиулдаг үүрэгтнүүдийн ч бодит жишээ юм.
Эх сурвалж:Tug.mn
“Чоногол трейд” ХХК нь Малайз улсын “Топ глови” компаниас нэг удаагийн үзлэгийн бээлийг нийлүүлэхээр тендерт шалгарсан. Гэвч НМХГ-ын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шалгалтаар 40 хайрцаг хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгогүй бүтээгдэхүүн байжээ. Улсын байцаагч уг шийтгэврийг “Чоногол трейд” ХХК-д оногдуулах ёстой ч ажилтанд нь оногдуулж хууль зөрчсөн юм.