| | USD/MNT 0₮
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4 давсан 32 бөх, 16 сурын харваач нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр гэрээт лабораториудад энэ сарын 13-ны өдөр явуулсан. Тус лабораториос долоодугаар сарын 15-ны орой 22 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран мэдээлэл хийж байна.
Энэ үеэр, "48 шинжилгээний сорьцыг илгээснээс 44 сорьцын хариу ирсэн. Эдгээрт допингийн төрлийн хориотой бодис илрээгүй. Харин үлдсэн дөрвөн сорьц нь лабораторын нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй байна. Эдгээр дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй бөгөөд хариу ирсний дараа тодорхой болно. 4 шинжилгээний хариу хэзээ гарах нь тодорхойгүй. Тухайн 4 шинжилгээний хариу эерэг гарч, ямар нэг допингийн зөрчил илэрвэл тухайн тамирчинд мэдэгдэж эхэлснээс хойш тамирчны нэрийг зарлаж, олон улсын стандартын дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагаа хийдэг журамтай" гэлээ.