| | USD/MNT 0₮
Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг баталсан.
Дараах чиглэлээр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг эрчимжүүлж байна гэж Боловсролын Ерөнхий газар мэдээлэв. Үүнд:
1 Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн дотоод нөөц боломжийг бүрэн ашиглах, шаардлагатай засвар, тохижилтын ажлыг хийх;
2 Сургуулийн өмнөх боловсролын салбарт төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, зарим барилга, байгууламжийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах;
3 Цомцог гэр буюу орчин үеийн гэр цэцэрлэгийн төслийг дуусгах, ашиглалтад 100% оруулах;
4 Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих;
5 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийг дэмжих бодлогыг үргэлжлүүлэх /хамран сургах тойрог тогтоолгосон хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны мөнгөний хамт олгох/;
6 Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой иргэн, аж ахуй нэгжийн шаардлага хангасан барилга байгууламжийг түрээсэлж, салбар бүлэг ажиллуулах.
2023-2024 оны хичээлин жилд нийслэлийн хэмжээнд 99 барилга байгууламжийг цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлсэн. Ажлын хэсэг 9 барилга байгууламжийн түрээсийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн.
Шинээр дараах байршлуудад цэцэрлэгийн зориулалттай байр түрээслэх хэрэгцээ үүсэж байна. Үүнд:
БГД-ийн 26 дугаар хороо
БЗД 17, 26, 36, 31, 38, 39, 42 дугаар хороо
ХУД 8, 18, 21, 23 дугаар хороодод нийт 2913 хүүхдийг хамруулах 10 байрыг түрээсэлнэ. Ажлын хэсэг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эдгээр байршлуудад ажиллана.
Үүний зэрэгцээ орон нутгийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 167 цэцэрлэг байна. Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл аймгууд СӨБ-ын хүртээмжид анхаарал хандуулах шаардлагатай.
Нийслэлийн хэмжээнд 35-аас дээш бүлэг дүүргэлттэй 122 цэцэрлэг байна. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан Уул, Сүхбаатар, Баянгол дүүргүүдэд цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг бууруулах шаардлагатай байгаа аж.