| | USD/MNT 0₮
Гүйлгээнд хүчин төгөлдөр, дурсгалын 5,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, гүйлгээнд гаргажээ. Энэхүү 5,000 төгрөгийн дэвсгэрт нь УИХ-аар баталсан мөнгөн дэвсгэртийн загвар, тодорхойлолтын дагуу бүх хэв шинжийг агуулахын зэрэгцээ сүүлийн үеийн шинэ технологиор бүтээгдсэн хамгаалалтын элементүүдтэй байна.
Дэвсгэртийн нүүрэн талд дэвшилтэд технологиор хийгдсэн хамгаалалтын элементүүд болох хэт ягаан туяаны гэрэлд гурван өнгөөр тодорч харагдах Соёмбо, 3 хэмжээст, өнгө нь хувирч солонгорон харагдах элемент бүхий банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн лого болон баруун доод хэсэг дэх морьтон баатар, баруун, зүүн ирмэгт харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 6 ширхэг ташуу зураасан товгор таних тэмдгүүдийг шинээр байршуулжээ. Мөн дэвсгэртийн ар талд хамгийн сүүлийн үеийн тасалдаж харагдах хөдөлгөөнт микро оптик туузтай байна.
Төв банкны тухай хуулиар Монголбанк мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг бөгөөд нөөцийг нь шинээр бүрдүүлэх шаардлагатай болсон мөнгөн тэмдэгтүүдийг шинэ дэвшилтэт технологиор хийгдсэн өндөр нууцлал бүхий хамгаалалтын элементүүдээр сайжруулдаг аж.
2018 онд 5,000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг солонгорч харагдах бэхэн элементтэй
2019 онд 50, 20,000 төгрөгийн дэвсгэртэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент шинээр нэмж, 20,000 төгрөгийн дэвсгэртийг гурван хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болгож өөрчилж байжээ.
2020 онд 100, 500, 1,000 төгрөгийн дэвсгэртүүдэд солонгорч харагдах бэхэн элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элементтэй
2021 онд 10,000 төгрөгийн дэвсгэртийн Соёмбыг 3 хэмжээст, нарийн шугаман элементтэй, налуу барихад элементүүд нь олон өнгөөр солигдож харагдах мөнгөлөг дардсаар бүтээж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор элемент, солонгорч харагдах бэхэн элемент нэмж шинэчилсэн байна.
2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого бүхий гүйлгээнд хүчин төгөлдөр дурсгалын 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэн гаргаж байсан юм.