| | USD/MNT 0₮
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулсан билээ. Энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин, 2006 онд Д.Цэрэнтогтох нар хөдөлмөрийн баатар болсон.
Шинэхэн Хөдөлмөрийн баатар Г.Өсөхбаяр "Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж төрийн дээд цолыг хүртсэндээ маш их баяртай байна. Анх 12 настайдаа аймгийнхаа бөхийн хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Тэрнээс хойш 40 жил өнгөрчээ. Олон түмэндээ Буур хэмээн алдаршсан өвөө аавынхаа удмыг залгамжилж, монгол бөхөөрөө тууштай хичээллэж, улсын барилдаанд 4 удаа түрүүлж байлаа. Гаргасан амжилт олон. Хамтын амжилтыг үнэлсэн төр засагтаа баярлалаа. Миний 40 жилийн хүч хөдөлмөртэй байсан бүх хүмүүст талархлаа.
Бөхийнхөө залгамж халааг бэлтгэх зорилгоор байгуулсан Бөх билэгт дэвжээний бөхчүүд маш сайн амжилттай барилдаж байгаа шүү. Өнөө жилийн баяр наадамдаа зодоглож, цолоо дуудуулна" гэжээ.