| | USD/MNT 0₮

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай

Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ. Дэлхийн талыг донсолгож хүлэг морьд эргэлээ, дэвж шавж гарах хүчит бөхчүүд дэвлээ, дээлтэй наадмын хойморт эрчит нум сум эвшээлээ.  Ийнхүү Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам хөтөлбөрийн дагуу өнөөдөр эхэллээ. Яг одоо Есөн цагаан хөлт тугийг залах ёслол Төв талбайд болж байна. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмаараа зон олон маань дэлгэр сайхан нааддаг уламжлалтай билээ. Эрийн гурван наадам гэдэг эв нэгдлийг бэлгэддэг. Ёс заншил, өв уламжлал, түүх шастир, үзэл санаагаа шингээсэн байдал нь бусдаас ялгарах тэмдэг, онцлог байдаг. Хүн бүр Монгол мину хэмээн омогшдог онцгой хэдэн өдөр ийнхүү эхэллээ. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөр өнөөдөр 22:00 цагаас дахин нэг удаа тоглохоор болсон. Тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож байгаагаараа онцлог. Наадмын ерөнхий найруулагчаар Ц. Батнайрамдал ажиллаж байгаа бөгөөд наадмын нээлт, хаалтын үндсэн сэдэв нь "Эх дэлхий, энх оршихуйн цадиг" нэртэй аж.

Туурайн чимээ бидэртүүлж, гийнгоон дуу хадаасан тулгат төртөй Монголын төр түмний их баяр цэнгэл наадам болох Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайрхан наадаарай. Та бүхний минь уясан хүлэг хурдан, дэмжсэн бөх нь хүчтэй, тавьсан сум нь цэц мэргэн байх болтугай. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.