| | USD/MNT 0₮

Сүхбаатарын талбайд танхайрсан гадаадын иргэнийг 100,000 төгрөгөөр торгож шийтгэжээ

Тайвань, Америкийн давхар иргэншилтэй Брэндон Шэйн О’Нейл (Brandon Shane O’Neal) гэх залуу Монгол Улсын нийслэлийн Төв талбайд бичлэг хийж, Чингис хааны хөшөө рүү зааж доромжилсон агуулгатай зүйл ярьсан нь олон нийтийн сүлжээнд монголчуудын анхааралд өртсөн.

Жуулчин ангиллын виз авч манай улсад орж ирээд Монгол түмний дээдлэн хүндэтгэдэг Их эзэн Чингис хааныг элдэв үгээр хэлж буйд иргэд ихэд дургүйцсэн билээ. Тэрбээр долоодугаар сарын 3-нд Сүхбаатарын талбайн төв хэсэгт зогсож байгаад “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд” гээд Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” хэмээн ярьсан юм.

Тэгвэл түүнд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаад, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өчигдөр хэлэлцлээ.

Брэндон Шэйн О’Нейлийг Зөрчлийн тухай хуулийн 5.2-1.2, 5.2-1.4 дэх хэсгийн бусдыг өдөөн хатгаж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн буруутгасан юм. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Брэндон Шэйн О’Нейл нь танхайрсан болох нь хангалттай нотлогдсон гэж үзээд, 100 нэгжтэй тэнцэх буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оноов.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.