| | USD/MNT 0₮
Хамтарсан Засгийн газар байгуулахаар болсон МАН, АН, ХҮН намын дарга нар Монгол Улсын хөгжлийг хурдасгах талаар Хамтран ажиллах санамж бичигт гарын үзэг зурсан. Иргэд сонгогчдын итгэлийг “өвөртлөж” сонгогдчихоод, сонгуулийн маргаашнаас нь хамтрах тохироонд хүрснийг олон нийт гайхан шүүмжилж, эсэргүүцэж эхэллээ. Энэ цаг үед хамтарсан Засгийн газар байгуулах нь маш буруу юм. Намуудыг эрх барь, эсвэл хяналт тавь гэж сонгосон болохоос хамтарч эвс гэж сонгогчид сонгоогүй юм.
Нөгөөтэйгүүр хамтарсан Засгийн газар байгуулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хуульчид хандах юм бол энэ шинэ Засгийн газар байтугай Үндсэн хуулиа зөрчсөн УИХ тарж, төр тогтворгүй болох нөхцөл үндэслэл байна. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах санамж бичгийн 3-т Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлуудаар тухайлсан гэрээ байгуулж, хамтарч ажиллахдаа сонгогчдын нийт саналыг үндэслэн тус гэрээний оролцогч улс төрийн намуудын УИХ-д авсан суудлын тоог харгалзан хувь тэнцүүлэх байдлаар талуудын оролцоог хангаж ажиллах суурь зарчмыг баримтална гэжээ.
Мөн парламентад суудал авсан бүх намын хөтөлбөртэй уялдуулж, иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд тулгуурлан санамж бичгийг боловсруулсан гэнэ.
Эндээс харахад нам гэдэг хязгаараас гаргаж, МУ-ын хууль тогтоомжийг биелүүлэх нийтлэг үүргийн хүрээнд харвал ҮХ-ийн 39.2-т заасан үндсэн гурван нөхцөл тохиолдлын алинд ч таарахгүй буюу Үндсэн хууль зөрчиж байна. Мөн ялгаварлан гадуурхах асуудал ч харагдаж байгаа юм. Тиймээс мэргэжлийн хуульчид дээрх асуудлаар ҮХЦ-д хуульчдын баг бүрдүүлээд хандахад л Засгийн газар тарж, УИХ төр тогтворгүй болж, эрхзүйт төрийн үндсэн зарчмууд “замаасаа” хазайж ганхах нь ээ.