| | USD/MNT 0₮
Монгол Улс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, түүхэндээ анх удаа 126 УИХ-ын гишүүнтэй болох Парламентын ес дэхь удаагийн сонгуулиа өнгөрсөн сарын 28-ны орон даяар амжилттай явуулсан билээ. Энэ удаагийн ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д 68 суудал авч, АН 48 суудал авч, ХҮН нам 8 суудал авсан юм.
Эрх баригч нам илүү буюу 68 суудал авснаар шинэ Засгийн газраа бүрдүүлэх боломжтой болсон. Гэвч тус намын Удирдах зөвлөлийн хурлаар их хуралд суудалтай АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах чиглэлд зөвшилцөж, улмаар гэрээнд гарын үсэг зурсан үйл явдал болов. Ингэснээр гурван нам хамтарч, дөрвөн жил засаг барихаар дотроо тохиролцлоо гэж олон нийт харж, хардаж байна.
Хамгийн гол нь ЯАГААД гэдэг асуулт гарч ирэв. Тусдаа бие даасан үйл ажиллагаатай, мөрийн хөтөлбөртэй, чиглэлтэй намууд байж яагаад хамтрав. Хамтрах байсан юм бол өөр намууд байгаад яах юм. Олон нийтийн дэмжлэг, саналыг нь авч сонгогдчихоод, сонгуулийн маргааш нь хамтрах гэрээ байгуулаад санал өгсөн иргэд сонгогчдыг доромжилж болох уу. Сонгуулийн үр дүнг үгүй хийчихлээ. Сонгуулийн өмнө АН-ын дарга Лу.Гантөмөр Засгийн газартай хамтрахгүй нэгдэхгүй гэж ярьж байсан бол сонгуулийн дараа нь зөвшилцөх нэрийдлээр хамтрахаар болов.
Эдгээр намууд эрх баригч намд хяналтыг маш сайн тавьж, сөрөг хүчний ажлаа хийх ёстой байтал ингээд нэг өвөр түрүүндээ ороод авчихлаа. Магадгүй, эрх баригч намтайгаа нийлж хулгай хийж, улсаа худалдаж ашиг хонжоо олох алс хэтийн мөрөөдлөө ч биелүүлэхийг үгүйсгэхгүй гэсэн хардлага байна. Олон нийт хардах эрхтэй. Нөгөөтэйгүүр шинэ МАНАН үүсгэчихлээ. Угтаа бол Ардын нам “Ард түмний сонголт, ард түмний ялалт” гэх уриа үгээрээ ард түмнээ хуурлаа. Ард түмний сонголтын дагуу МАН дангаараа Засгийн газраа байгуулж, 11 суудлаа 48 болгосон Ардчилсан нам, 1 суудлаа найм болгож чадсан ХҮН нам сөрөг хүчний хяналтаа тавих ёстой байтал ингээд нэг баг болоод нэжгээд олуулаа эвсчихэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг багаар нь дэмжсэн ч үнэндээ тэр баг нь шинэ МАНАН-г бий болгов. Шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлье гэдэг нь Монголыг доройтуулж, МАНАН-гаар дахин эхлүүлэх тохиролцоо байв. Дөрвөн жилийн хугацаанд бүх зүйл эдгээр гурван намын тохироогоор явагдах нь тодорхой болов. Өмнөх МАНАН бүлэглэлийн гар хөл, саврыг ард түмэн мартаагүй. Одоо дахин шинэ МАНАН байгуулж Монголын үнэт баялагийг хяналтгүй цөлмөх ажил руугаа ханцуй шамлан орлоо гэж халаглах юм.
Сөрөг хүчин байх ёстой намууд эвсчихээр хэн төрд болоод төрийн ажилд, Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдэд хяналт тавих вэ гэдэг асуулт анхаарлын тэмдэгтэйгээ хамт үлдэв. Одоо сөрөг хүчний ажлыг Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр, ИЗНН-ын дөрвөн гишүүн хийж чадах уу. Хүн хүч муутай нам эвсэл.
Үндсэн хуулийн 39.2, 70-р зүйл УИХ-ын 29.10 зүйлийг үндэслэж засаг байгуулах ёстой. Олонхи болсон нь танхимаа бүрдүүлэн ажиллаж, цөөнх нь хяналтаа л тавьж ажлаа хийх ёстой. Гэтэл АН-ын дарга нь Лу.Гантөмөр нь бусдынхаа үгийг сонсохгүйгээр эвслийн Засгийн газар байгуулахыг дэмжиж, гарын үсэг зурсан учраас зарим гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Намын дарга Ардчиллаа хамгаалж, авлигыг арилгаж, алдагдсан 30 жилийг засаж залруулах ёстой байтал ашиг хонжоо наймаа хийж, Ардын намтай хамтарч тохиролцов. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж намын даргадаа хандаж Үндэсний бодлогын хороогоороо ярина шүү. Ганцаараа шийднэ гэж байхгүй шүү гэдгээ сануулсан.
Тэрбээр “Сөрөг хүчнээ сайн хий гэж тоог нь нэмэгдүүлсэн сөрөг хүчин болгоод өглөө. Одоо энэ эрх баригч нарт хяналт тавих ёстой гэж биднийг Монголын ард түмэн сонгож явуулсан шүү дээ. Тийм учраас бид сөрөг хүчнийхээ байр суурь дээр хатуу байх ёстой. Засагтай хамтрахгүй, сөрөөд явъя” гэдгээ илэрхийлсэн нь зөв юм.
Сонголт хийсэн ард түмэн нүдэн нь таг чих нь дүлий биш. Сайхан зүйл ярьж, саналыг нь эелдгээр хангалттай авчихаад дараа нь ингэж хуурч мэхэлж, доромжилж болохгүй юм шүү, эрх баригч намынхаан.