| | USD/MNT 0₮

АЛТ ОЛОХ ГЭЖ УС УРСГАЖ БАЙНА, ХОЖИМ УС ОЛОХ ГЭЖ АЛТ УРСГАХ ВИЙ ДЭЭ

 
-Улс орон усаа дагаж хөгжинө-
 
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл өчигдөр улс орнууд "Ус ба уур амьсгалын өөрчлөлт" гэсэн сэдвийн дор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 
 
Хэдхэн жилийн өмнө хоёр тэрбум байсан дэлхийн хүн ам өнөөдөр долоон тэрбум болтлоо өссөн. Хүн ам өсөхийн хэрээр усны хэрэглээ хязгааргүй ихэсч байна. Түүнийгээ дагаж усны хомсдол, гачигдал дэлхийд үүсч байна гэж усны салбарынхан онцолдог.

Жишээ нь, усны хомсдолоос болж Зүүн Африкийн нэгэн хот хоёр жилийн өмнө цэвэр усны нөөцгүй болсноо дэлхий дахинд зарлажээ. Ганц Африк гэлтгүй олон улсад усны хомсдол гачигдлаас болж, цэнгэг усны нөөцгүй болох, ард иргэд нь ангаж цангаж амиа алдаж байгаа өчнөөн асуудал байгааг бид бүхэн харж сууна. Бүр гол мөрний эх адагт байгаа БНХАУ-ын том хотууд усны гачигдалд орж эхэлжээ.

Тэгвэл Монгол Улс усны гачигдалд орох 20 орны тоонд зүй ёсоор багтдаг. Тиймээс нэн түрүүнд усны зохистой хэрэглээ, хэмнэлт, хамгаалалт, хариуцлага маш чухал байгаа юм. Ус тулгамдсан асуудлын нэг мөн үү гэвэл, яах аргагүй мөн. Сүүлийн хэдэн жил хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн, цаг агаарын уур амьсгал өөрчлөлтөөс болж 100 гаруй горхи, булаг шанд, гол ширгэсэн гэх судалгааг албанаас гаргажээ. Энэ тоо ч цаашид нэмэгдэх магадлалтай аж.

Гэвч усаа дагаж улс хөгжинө гэж ярьдаг. Мөн Монголчууд ус байхгүй бол алтаар яах юм бэ, улс байхгүй бол амиар яах юм бэ гэдэг. Нөгөөтэйгүүр Монголчууд ус уух хувьтай ч гэж усаа эрхэмлэж хайрлаж хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн. Тэгэхээр усаа хамгаалах, усны нөөцөө бүрдүүлж нэмэгдүүлэх тал дээр төр, засгийн бодлого зайлшгүй хэрэгтэй болоод байна. Усны засаглалыг бий болгох шаардлагатай. Үүнд төрөөс нэгэнт анхаарах цаг нь болсон. 

Тухайлбал, дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж ярьж байна. Эрсдлээ тооцсон хөгжлийг тогтвортой хөгжил ч гэж нэрийддэг. Аливаа улс орон тогтвортой хөгжинө гэвэл усныхаа нөөцөд таарсан зөв менежмент, сайн засаглалыг бий болгох цаг нь болжээ. Гэвч манайх энэ байдалд анхаарахгүй,  харин ч усны бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн илтгэгч Жон Нокс өнгөрсөн онд манай улсад ажиллаж усны бохирдол улам бүр нэмэгдэж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж, баталсан хууль тогтоомжоо чанд мөрдөхийг зөвлөжээ. Гэтэл манайд хууль журам нь хэр байгаа билээ, хэр хэрэгжиж байгаа вэ гэдгийг бичих нь илүүц.
 
-Гүний усаа бага ашиглаж, гадаргын усаа их хэрэглэж суръя-
 
Ус байгалийн стратегийн үнэт баялаг гэж усны салбарынхан үздэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд гүний усны нөөц шавхагдаж байгаа судалгаа бий. Уг нь гүний усыг бас нэгэн ашигт малтмал гэж үздэг. Газрын гүний ус маш удаан хугацаанд  буюу 140 сая жилийн дараа нөхөн сэргээгддэг аж. Тиймээс гадны улс орнууд их хэмжээгээр хэрэглэхээр аль болох зайлсхийдэг байна. Энэ нь тухайн газар орныг цөлжих, унд болон хэрэглээний усны хомсдолоос урьдчилан сэргийлэх шилдэг арга болдог гэнэ. 
 
Харин манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд ихэвчлэн гүний усыг хэрэглэдэг. Тэдгээр компаниуд хоногтоо маш их хэмжээний усыг ашигладаг.  Гэтэл өнөөх цөлжиж буй манай газрын гүний усыг нь гадаадын томоохон уул уурхайн компаниуд ашиглаж байгаа нь Монгол орны усны нөөц асар хурдан хугацаанд хомсдохыг “зөгнөж” байгаа нэг хэлбэр юм.
 
Тухайлбал,  гол мөрөн байхгүй говь талд бууриа засаж  “тухалсан” Оюутолгой, Тавантолгойн зэрэг томоохон компаниудын хувьд 50-60 сая жилийн хугацаанд хуримтлагдсан гүний усыг хэрэглэж байна. Ашиг нь гадагшаа гардаг энэ том орд газруудад гүний ус биш гадагшаа урсаад гардаг гадаргын усаа зөөвөрлөж, шилжүүлж ашиглуулах тал дээр анхаарах хэрэгтэй гэнэ. Мөн бусад ч жижиг компаниуд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гүний цэнгэг усаа хэрэглэхээс аль болох зайлсхийж,  гадаргын усаа ашигладаг байх хэрэгтэй.
 
-Хил давж урсдаг усаараа Усан сан байгуулъя-
 
Манай орны усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл Хянганы нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлддэг. Харин говь хээрийн талд гадаргын ус бараг байхгүй, булаг шанд цөөтэй учраас цөлжилт үүсдэг байна. Тэгэхээр бид өндөр уулын бүст ууршил багатай, усны эрчим хүч ашиглах боломжтой газар тодорхой хэмжээний Усан бий болгох нь маш зөв шийдэл гарц юмаа. Усаа хуримтуулж эрчим хүч гаргаж авах, байгаль ээлтэй техник технологи нэвтрүүлэх юм бол уур амьсгалын өөрчлөлт, усны хомсдолыг даван туулах боломжтой юм шүү.  

Сүүлийн 20 гаруй жил ус багатай гандуу гачигдалтай үеүүд үргэлжилж байгаа нь үнэн. Манай орны томоохон голуудад жилдээ 34.6 км куб нөөц бүрэлддэг байна. Гэхдээ нийт усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Орхон, Сэлэнгэ, Хэрлэн гэсэн голууд урд хойд хоёр хөрш рүү урсан гардаг. Зөвхөн Сэлэнгэ гол гэхэд дээрх голуудын 33 хувийг дангаараа эзэлдэг байна. Тэгэхээр томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, усан сан байгуулж, усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, нөгөө талаас голын экологийн тэнцвэрийг хангана. Мөн нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэгээд газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэсэн үг юм.
 
-Саарал усаа цэвэршүүлдэг техник технологи ихтэй болъя-
 
Хөгжил усаа дагадаг гэж дээр дурьдсан. Манайд ус ашигладаггүй салбар гэж байхгүй. Гэвч олонх нь цэнгэг усыг ашигладаг. Иргэдийн хувьд хэрэглэсэн саарал бохир усаа эргүүлэн хэрэглэх ёстой ойлголт бараг байхгүй дээ. Харин цөөхөн хэдэн аж ахуй нэгж байгууллага, компаниуд саарал усаа эргүүлэн ашигладаг сайн жишиг бий. Жишээлбэл, арьс ширний 20 гаруй үйлдвэр,аж ахуйн нэгж байгууллага байгаа. Тэдний хоёр нь гэхэд өөрсдөө бага оврын цэвэрлэх байгууламж барьсан. Нэг нь гэхэд тэрбум гаруй төгрөгөөр техник технологи шинэчилсэн байх жишээний. Эко авто угаалгын газар байна. Ашигласан усаа цэвэршүүлээд эргүүлээд ашигладаг байгаа юм. Технологио АНУ-аас оруулж ирсэн гэдэг. Тус газар угаасан усаа эргүүлээд цэвэршүүлдэг. Ерөөсөө хаягдал ус гаргана гэж байхгүй. Наад захын жишээ гэхэд ийм эко авто угаалгын газрууд олонтой болвол цэвэр ус хэмнэгдэнэ гэсэн үг юм. Эд нараас үлгэр дууриалал авч, туршлага судлах хэрэгтэй. Хэрэглэсэн бохир усаа эргүүлэн ашиглах техник технологийг эх орондоо ихээр нэвтрүүлж, оруулж ирж байж манайхан усаа хэмнэнэ. Эд нараас үлгэр дуурайлал авах хэрэгтэй байна.
 
-Ус бохирдуулагчидтай хатуу хариуцлага тооцож байж усаа хамгаална-
 
 
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар “Монголд устай холбоотой олон асуудал байна. Ялангуяа улс орны хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд усны нөөц дутагдалтай байна. Дэлхийн дулаарлалын эсрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дасан зохицох шаардлагууд байна.
 
Мал аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ус хангамжийн асуудал, гадаргын ус, томоохон голуудын бохирдол, мөн хүн амаа чанарын шаардлага хангасан усаар хангах гэсэн томоохон зорилтууд дээр усны нөөц, бохирдлын асуудал, чанарын асуудал хөндөгдөж байна. Манай яамнаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг чуулганаар оруулсан. Олонхийн саналаар дэмжсэн. Хэрвээ энэ хууль дэмжигдэж батлагдаж гарвал аж ахуй нэгж байгууллагууд ард иргэдийн хүлээх хариуцлага нэмэгдэнэ.
 
Нөгөө талаас байгальд ээлтэй ус ашиглалт сайжирна гэж ойлгож болно. Хаягдал усаа стандартын түвшинд цэвэршүүлээд эргэн ашиглахад ямар нэгэн төлбөр төлөхгүй. Тэрнээс стандартын түвшинээс давсан бохирдол нь хэдий хэмжээний өндөр байна. Түүнээс хамаарч бохирдуулсны төлбөрийг төлөх нь ялгаатай болно. Нөгөө талаас тухайн аж ахуй нэгж байгууллага хаягдал усаа цэвэршүүлэх, эргүүлэн ашиглах техник технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалт хийсэн бол тодорхой хэмжээгээр гааль, НӨАТ-ын татвараас хөнгөлөх чөлөөлөх талаар хуульд тодорхой тусгагдсан байгаа.
 
Мөн ус бохирдуулагчдаас орсон орлогын 50-иос доошгүй хувийг тухайн компани тоног төхөөрөмжөө сайжруулахад эргэн зарцуулна гэсэн олон давуу талууд бий болж байгаа юм” гэсэн билээ.

Гэвч өнөөдрийн байдлаар 6 жилийн хугацаанд ус бохирдуулагчид нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй, хариуцлага хүлээлэхгүй иржээ. Тиймээс ус ашигладаг, ус бохирдуулдаг аж ахуй нэгжүүдтэй хатуу хариуцлагыг хуулиар тооцдог байх хэрэгтэй. Тэгж байж бид усаа хамгаална.
 
-Монголын үзэсгэлэнт газруудын усыг нь улаан хоормог болгосон-
 

 
Дэлхий хүн амын 40 гаруй хувь нь усны бохирдолтой сав газруудаар амьдарч, энэ нь цаашдаа улам өсч, ус гамшгийн байдалд орох магадлалтай гэсэн үзүүлэлтийг ЭЗХАХБ байгууллагаас гаргажээ. Усны бохирдлоос болж хүнсний аюулгүй байдал алдагдах, экосистем ундны усны хангамж муудах үр дагавартай. Тэгвэл манайханд усны бохирдолтой гол мөрнөөс ууж, малаа усалж эрүүл мэндээрээ хохирч байгаа өчнөөн асуудал бий.

Манайд 500 гаруй уул уурхайн компани бий. Цөөхөн том ордууд гүний ус ашиглаж байгаа бол олонхи нь гол мөрөнд алт угааж  усыг нь угаадас болгож бохирдуулж байгаа нь үнэн.

Алтанд шунасан иргэд алт гэж эрдэнэсийг авахын тулд улайрч байгаа ард иргэд Монголын үзэсгэлэнт газруудын голыг улаан хоормог болгон хаяж байгаа нь хамгийн эмгэнэлтэй дүр зураг харагдана. Ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр голын голдрилыг өөрчилж, байгаль дэлхийгээ сүйтгэж, усыг улаанаар эргүүлэн “уйлуулж” хаяад эргэж харалгүй явдагт үнэхээр харамсдаг юм. Сүйтгэх сүйтгэхдээ бүр Монголын хамгийн сайхан үзэсгэлэнтэй газруудыг сүйтгэдэг. Жишээлбэл, Архангайн Цэнхэрийн голыг улаан хоормог болгосон түүх бий.
 
Мөн Сэлэнгийн Ерөө, Хараагийн эхийг, Төв аймгийн Заамарыг гамшиг болгож хаясан. Эдгээр газруудад урт нэртэй хуулийн нэр барьж хулгайгаар лиценз олгосон уул уурхай компаниудын эзэн болох эрх бүхий хүмүүс, нинжа хатуу хариуцлага тооцох ёстой. Хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх нь биш, хуулийн хатуу хариуцлага тооцож нөхөн сэргээлтээр цэнгэг усаа, цэвэр орчноо нэхэж, хийлгүүлж хэрэгжүүлдэг байх ёстой. Ер нь бол учир мэдэх хүмүүс алтны тухайд үндсэн ордыг ашиглаж болно. Харин шороон ордыг хязгаарлах хэрэгтэй гэдэг юм билээ. Алт олж, баяжиж хөрөнгөжиж хүнээс илүү амьдарч болно. Харин үр хүүхдүүд минь хожим хийсэн хорыг чинь хүртэж, алт урсгаж ус олох аюулд хүрвэл яах вэ.  Өнөөдөр цэвэр усаа хайр гамгүй урсгаж, бузарлаж хүссэнээ авч болно, хожим бид балга ус уухын тулд алт урсгаж чадах уу.

Магадгүй өнөөдөр танд ус үнэгүй, өнгөгүй, үнэ цэнэгүй мэт санагдаж байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр 1 литрийг нь 3 төгрөгөөр үнэлж авдаг мөнгө ч юу ч биш мэт санагдаж болно.
 
Гэхдээ хэдхэн жилийн дараа та цэвэр ч ус уух, бохирч ус хэрэглэх боломжгүй болох вий дээ. Усаа гаднаас импортоор оруулж ирдэг цаг үед бидний үр хүүхэд амьдрах вий дээ гэхээс айж бас эмзэглэж байна. Тиймээс усаа хайрлах, хамгаалах, хэмнэх ухамсар сэтгэлгээ иргэн таны, ирээдүйн хүүхэд багачуудын тархины багтаамж, сэтгэлийн орон зайд чинь бий шүү.
Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл өчигдөр улс орнууд "Ус ба уур амьсгалын өөрчлөлт" гэсэн сэдвийн дор уг өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.