| | USD/MNT 0₮
Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна. Өчигдрийн Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшнийг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшнийг 60 см давсан байдалтай байна. Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ны үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшнийг 10 см орчим давах магадлалтай байна.
Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхааруулж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшнийг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшнийг 15 см даван үерлэж байна.
Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, голдирол дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.