| | USD/MNT 0₮
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна.. Монгол ардын намаас АН-д Засгийн газар хамтран байгуулах санал тавьж, өчигдөр АН-ын Улс төрийн зөвлөлөөр тус асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл АН-ын хэд хэдэн гишүүн Засгийн газар хамтран байгуулахыг дэмжихгүй байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нэг нүүрний дор хоёр амьдрахгүй байвал маш сайн. Учиргүй бодлого ярьж байснаа цаанаа дарга болчих гээд яваад байвал бидэнд ч эргэлзээтэй. АН байр сууриа нэгтгэх нь улсын эрх ашигт хэрэгтэй. Одоо бол та хувь гишүүн биш УИХ-ын дэд дарга хүн. Нам чинь ямар байр суурьтай байгаа юм. Заавал бид ингэнэ, тэгнэ гэсэн юм байхгүй. Сонгогчдын санал бүхэнд хүндэтгэлтэй хандах зарчим л барьж байгаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Засагт хэрвээ хамтарвал тогтвортой байгаасай. АН-ын дүрмээр засагт орох асуудлыг Үндэсний бодлогын хороогоор хэлэлцдэг. Улс төрийн зөвлөлөөр асуудал шийдээд ороод ирэхээр засаг тогтвортой байх уу. Баахан хүмүүс үлдчихээд асуудал гарах эрсдэлтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Танай дотоод асуудал юм биш үү. Энэ бол парламентын танхим, төрийн ажил явж байна. Аль хурлаараа яаж хэлэлцэх нь танай дотоод асуудал. Би гурав, дөрвөн хүнтэй зэрэг харьцахгүй, нэг л субъекттэй л харьцана. Хоёр, гурван өөр зүйл яриад байвал бидний хувьд ч асуудал ярьж чадахгүй.