| | USD/MNT 0₮

Дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас баржээ

Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн эрхийг хэрхэн хангах, болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд унаач хүүхдийн эрхийн хамгаалах чиглэлээр Комиссоос авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хурдан морины уралдаан зохион байгуулж буй нөхцөл байдал, байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан унаач хүүхдэд эрсдэл учирч буй тохиолдол тасралтгүй гарч байна. Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах шаардлагатай.

2024 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан бол гурван хүүхэд гэмтэж бэртсэн.

Үндэсний их баяр наадамд уралдах хурдан морь, унаач хүүхдийн бүртгэл 2024 оны долдугаар сарын 8, 9-ний өдөр болох бөгөөд унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хувцас хэрэглэлийн стандартын шаардлага хангаж буй эсэх, даатгалд хамруулсан байдал, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл бий эсэхэд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд хариуцан ажиллана” гэдгийг мэдээллээ.

Улмаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий шат шатны Засаг дарга нар унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажиллаж байгааг онцлон мэдээллээ.

Энэ талаар тэрбээр “ХЭҮК нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиг үүрэг хүлээсэн бүх шатны Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 21 аймгийн Засаг даргад Комиссын гишүүний 2024 оны долдугаар сарын 2-ны өдрийн 02/28, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт 02/29 дугаар зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид хурдан морины уралдаанд оролцож буй хүүхдэд тавигдах шаардлагыг чанд мөрдөж, зөрчил гаргасан даруйд арилгах, уралдааны замын аюулгүй байдлыг хангуулах зэрэг 11 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн.

Мөн Комисс нь 2024 оны долдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд Хүй долоон худаг болон Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, аймгуудад зохион байгуулагдах баяр наадам, бүсийн хэмжээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хангах үүднээс хяналт тавьж ажиллана.

ХЭҮК нь унаач хүүхдийн эрхийг хангах тэдний дээд эрх ашгийг хамгаалах чиглэлд цаг ямагт онцгой анхаарал хандуулан ажиллаж ирсэн.

Тухайлбал, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон. 

Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу тавдугаар сарын 0щ1-ний өдрөөс өмнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Сүхбаатар аймгийн Онгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн сумдад хурдан морины уралдаан, үсэргээ зохион байгуулагдсан. Хэдийгээр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй ч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийг нэг мөр мөрдүүлэх зорилгоор Комиссын гишүүний шаардлагын дээрх аймгуудын Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг даалгасан. Төв, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нарын Комиссын шаардлагын дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ авч ажилласнаа албан тоотоор Комисст мэдэгдсэн. 

Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар нь хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцоор хүлээсэн үүргийг биелүүлэх зорилго бүхий Комиссын гишүүний шаардлагын дагуу шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй. 

Иймд Комисс дараагийн холбогдох арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.