Сэрэмжлүүлэг: Голууд үертэй байна
Цаг уурын байгууллагаас гол мөрний усны түвшин нэмэгдэж байгааг анхааруулж байна. Зургадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул, Эг, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.
Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 10-30 см давсан байдалтай байна.
Өнөөдөр нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Аялал зугаалгын үед гол усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх;
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
- Гол горхи, нуурын усыг зориулалтын баталгаат зам гүүрээр гатлах;
- Голын эрэг дагуу байрлуулсан сануулга, самбаруудыг анхаарч зөвлөмжийг дагах;
- Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.