| | USD/MNT 0₮

Ардчилсан нам парламентын 11 суудлаа 43 болгож авлаа

Сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийсэн.  АН-ын дарга Л.Гантөмөр “АН-ыг дэмжиж саналаа өгсөн 430 гаруй мянган сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

АН парламентын 11 суудлаа 43 болгож чадлаа. АН эв нэгдлээ хангаж, бүрэн эв нэгдэлтэйгээ харуулж энэ сонгуульд орохыг зорьсон. Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, дундуур ч гэсэн АН-ын гишүүд, бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар ихээр өрнөсөнд асар их харамсаж байна. Бидний төлөө саналаа өгсөн 430 мянган иргэний хүсэж байгаа авлигагүй нийгмийг байгуулахын төлөө бид ажиллана. Ажлын байртай болгохын төлөө ажиллана. Монголчуудын амьдрал ядуу байгааг энэ сонгууль дүгнэж өглөө. Эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсанд ард түмэн дүнгээ тавьсан. Тиймээс бид ард түмний дүгнэлтэд маш хүндэтгэлтэй хандаж, бодлогын алдааг засах хэрэгтэй. Бид парламентын тогтолцоогоо хамгаалахын тулд өрнөөс гаргах бодлого, ажилгүйдлийг арилгах бодлого, авлига, хээл хахуулийг бүрэн таслан зогсоох бодлогыг хүчтэй хэрэгжүүлэхээ биднийг дэмжсэн 440 орчим мянган монголчууддаа амалж байна. Бид та бүхнийхээ итгэлийг маш их ажлаар хариулж чадна гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна.

Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явсан. АН-ын тойрогт нэр дэвшигчид энэ удаа асар их мөнгө, асар их эрх мэдлийн эсрэг маш их зориг гаргаж, эцсээ хүртэл тууштай явж тодорхой үр дүн гаргасан та бүхэндээ намын дарга, 200 мянган гишүүнийхээ өмнөөс талархал илэрхийлж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.