| | USD/MNT 0₮
Сонгуультай холбоотой ямар зөрчил, маргаан гарсан, санал тоолох төхөөрөмж, гэмтсэн эсэх асуудлаар ЦЕГ-ын Ажлын хэсгийн дарга, хурандаа Э.Товуудорж, Хэвлэл мэдээллийн албаны дарга нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Э.Товуудорж “Сонгуультай холбоотойгоор улсын хэмжээнд 12 мянган алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд, сонгуулийн хэсгийн хорооны санал авах байрны хамгаалалтад 2198 алба хаагч, замын хөдөлгөөний зохицуулалт 1215, шуурхай удирдлагын штаб 5600, гэмт хэрэг зөрчил шалгах 2800 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Улсын хэмжээнд сонгуультай холбоотой 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 665, орон нутагт 439 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 620 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин өнөөдрийн байдлаар 130 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараасан хэрэг гомдол, мэдээллийн 61.67 хувийг эзэлж байна. Эрүүгийн хуулийн 14.5 буюу Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн ажилд саад учруулсан хэрэг 19.74 хувийг эзэлж байна. Зөрчлийн 684 гомдол, мэдээллээс бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гомдол мэдээлэл 101 буюу 21.5 хувийг эзэлж байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1-т зааснаар хуульд зааснаар өөр хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах дуудлага мэдээлэл 23.81 хувийг эзэлж байна.” гэв.